“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын ирээдүйн оюунлаг иргэн хүүхэд, залуучууд, нийгмийн анхдагч нэгж гэр бүл, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ цахим орчны хүүхэд хамгааллын чиглэлээр эрхлэн явуулдаг ekids.mn цахим хуудсаараа дамжуулан мэндчилж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэгтэй ажиллаж байна.

Тус чиг үүргийн дагуу бид цахим орчинд хүүхдийг аливаа зохисгүй агуулга бүхий мэдээ, мэдээлэл, контентоос хамгаалах, цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалж, аюулгүй зөв, зохистой оролцоход зөвлөгөө мэдээлэл өгөх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах  чиглэлээр төр, хувийн хэвшлийн болон олон улсын томоохон байгууллагуудтай хамтран жил бүр хоёроос доошгүй томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн мэргэжлийн сэтгэлзүйч, багш сурган хүмүүжүүлэгч нартай хамтран ekids.mn цахим хуудсаараа дамжуулан 100 гаруй зөвлөгөө, мэдээ, мэдээлэл, нийтлэлийг олон нийтэд хүргэсэн.

Бид жил бүр хүүхдийн дуу хоолой, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг сонсох зорилгоор эссе бичлэг, захидлын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна. Тухайлбал БСШУЯ-тай хамтран Хүүхэд эрхэм хэрэглэгч арга хэмжээний хүрээнд “Миний гэр-Аюулгүй орчин” цахим захидлын уралдаан, Цагдаагийн төв байгууллагатай хамтран “Цахим орчинг зөв болгоё” аян, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран олон улсын “Internet Watch Foundation” байгууллагын тусламжаар “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэг, зохисгүй агуулга бүхий контентыг интернэтээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” монгол хэлээр репорт хийх боломжтой болгосон зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн байна.  

Харилцаа холбооны зохицуулах хороо 2019 оны 10 сараас Фэйсбүүк компанитай хамтран ажиллах “Ногоон суваг”-ыг нээсэн. Хамтын ажиллагааны хүрээнд цахим орчны хүүхэд хамгааллын чиглэлээр зохисгүй агуулгатай, хууль зөрчсөн мэдээ, мэдээлэл, контентыг устгах, хязгаарлах зохицуулалтыг хийж байна.

Тус онд бид Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг хийж, судалгаанд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хүүхдийг цахим орчинд аюулгүй, дарамт, гадуурхалгүй, оюун санааны өв тэгш эрүүл, ёс зүйтэй, зөв төлөвшилтэй нийгэмшүүлэх орчин бий болгоход анхаарч ажиллаж байна.

Цаашид иргэн бүр хариуцлагатай, ёс зүйтэй, байж, цахим орчин эерэг, зөв хандлагатай, гэрэл гэгээтэй нийгмийг бүтээж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд