“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Цахим сорилт

Бүх зүйлс тоон системээр хоорондоо холбогддог болсон өнөөгийн ертөнцөд хүүхдүүд болон томчууд хоорондоо харилцах шинэ шинэ арга замуудтай байнга учирч байна. Бид нийгмийн амьтан учраас хоорондоо харилцах, бие биенээсээ хамааралтай байхыг хүсэх нь хүний байгалиас өгөгдсөн зөн совин юм. Интернетийн сорилтууд эдгээр сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг бөгөөд маш богино хугацаанд хурдтай тархдаг.

Шинэ сорилтууд байнга гарч ирж тархаж байдаг. Эдгээр сорилтууд ихэвчлэн гэм хоргүй, зохист учир шалтгаанд хүмүүсийн анхаарлыг хандуулах, эсвэл зүгээр л зугаацуулах зорилго агуулсан байдаг. Гэхдээ хүүхдүүдэд бие махбодын хохирол учруулах, онцгой тохиолдолд үхэлд хүргэх эрсдэлд хүргэх илүү хор хөнөөлтэй далд утга агуулж байж болзошгүй. 

ЦАХИМ СОРИЛТЫН ТУХАЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН БАЙДАЛ

Зарим сорилтууд хүүхдүүдэд бие махбодын бодит хохирол учруулахаас гадна сэтгэл санааны хүнд цохилт болдог. Ихэнх нь хувь хүнээр урт удаан хугацааны туршид сэтгэл зүйн нөлөө үзүүлэх зүйлсийг албадан хийлгэж айдас суулгах ганц зорилготой байдаг.

ЭРСДЭЛИЙН ЯНЗ БҮРИЙН ТҮВШИН

Эцэг эх, асран хамгаалагчийн хувьд цахим орчин дахь бүх зүйл хор хөнөөлтэй биш гэдгийг ойлгож, тэнцвэртэй байдлаар харах нь чухал. Бүх нийтээр дагаж, хариу үйлдэл хийх нь сайны төлөөх хүч байж чадна гэдгийг Мөстэй Хувингийн Сорилтоос жишээлэн харж болно. Энэ сорилт улс орныг бүхэлд нь хамарч Amyotrophic Lateral Sclerosis өвчинд бүх нийтийн анхаарлыг хандуулж мөнгө босгож чадсан юм.

Оргил үед нь 28 сая хүн Фэйсбүүк дээр Мөстэй хувингийн сорилтын талаар мэдээлэл оруулж, сэтгэгдэл үлдээж, таалагдаж байгаагаа илэрхийлсэн байна. Цахим сорилтууд бас бараан талуудтай байдгийг мэдэж байх нь чухал. Хортой хандлагууд, сорилтууд хүүхдүүдийг аюултай, бүр амь насанд халтай нөхцөл байдалд оруулж болзошгүй байдаг тул эцэг эх, асран хамгаалагч нар сүүлийн үеийн эрсдэлүүдийн талаар мэдээлэлтэй байж, үр хүүхдүүдээ тэдгээр зүйлсээс хамгаалахын тулд ямар алхмуудыг хийх хэрэгтэйгээ ойлгож байх нь нэн чухал.

“FOMO” – ХОЦРОХ ВИЙ ГЭСЭН АЙДАС

“Fear of missing out” буюу “Хоцрох вий гэсэн айдас” нь залуу хүмүүст илүүтэй тохиолддог сэтгэл санааны шинж байдал юм. Интернетийн сорилтуудын мөн чанар нь хүүхдүүдийг хил хязгаараас давж гарахыг уриалж байдаг. Хүүхдийн оролцох, хүлээн зөвшөөрөгдөх, үеийн найзууд болон өргөн хүрээний цахим хамт олонтой туршлагаа хуваалцах гэсэн хүсэл сонирхол дээр нь түшиглэн FOMO-д оруулдаг. Саяхны судалгаагаар FOMO нь нийгмийн сүлжээнд донтолтын томоохон шалтгаануудын нэг болохыг тогтоосон байна.

ЛАЙК-НЫ ТӨЛӨӨ ХИЧЭЭХ

Хүүхдийн зөвлөлийн томоохон судалгаанд аравхан настай жаахан хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж “Лайк”-аас хамаарч байгааг тогтоосон байна. Цахим сорилтын гол асуудал нь хүүхдүүд “лайк” авахын тулд хэр хол явахыг мэдэж чадахгүй байгаа явдал юм. Хүлээн зөвшөөрөгдөх гэсэн энэхүү хүсэл дээр үе тэнгийнхэнээс ирэх дарамт нэмэгдэж болзошгүй хүндрэлийг бий болгож байна. Үр дүнд нь хүүхэд залуус цахим сорилтод хэт татагдаж байна. Учир нь бүх найз нөхөд нь үүнийг хийж байгаа учраас үгүй гэж хэлэх нь байж боломгүй зүйл мэт санагддаг.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

ХАРИЛЦАА ХОЛБОО БА ХЯНАЛТ

Хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, тэдний цахим үйлдлийг хянаж байх нь чухал. Үнэнч, нээлттэй байхыг нь дэмжсэнээр хүүхэд чинь цахим орчинд хэрхэн харилцаж байгаа, тэднийг юу зовоож байгаа талаар илүү тодорхой мэдэх боломжтой. Итгэлийн уур амьсгал бүрдүүл. Тэд цахим орчинд үзэж харсан болон туулсан, тэднийг бухимдуулсан зүйлсийн талаар ярихад танд болон өөр итгэл даах том хүнд итгэж болно гэдгийг нотол.

ХИЙХЭЭСЭЭ ӨМНӨ БОД

Залуу хүмүүст юмсыг судлах эрх чөлөө, орон зай хэрэгтэй байдаг бөгөөд түүнийг нь байнга эсэргүүцэх нь үр дүнгүй байж магад. Бодит баримтыг үнэлж, эрсдэлийг ойлгосноор цахим болон цахим бус орчин дахь аюулгүй байдал, сайн сайхан байхын чухлыг ойлгуул. Хүүхдийн чинь сонирхлыг татаж буй цахим сорилтын талаар ярилцаж, тэдний оролцох магадлалыг үнэлж, оролцохоор болвол бие даан тунгаан бодож үйлдэл хийхийн чухлыг тайлбарла.

ҮР ДҮНТЭЙ ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ ТАВЬ

Цахим үйл хөдлөлийн хүрээнд бүх төхөрөөмжүүд дээр үр дүнтэй эцэг эхийн хяналтын тохиргоо хийснээр аюултай, зүй бус контентууд руу хүүхэд чинь нэвтрэхийг шүүлтүүрдэн хязгаарлахад тусална. Хүүхдээ хамгаалах нэмэлт арга хэмжээнүүдэд хүүхдийнхээ төхөөрөмж дээрх хувийн нууцлалын тохиргоог шалгаж байх, найзын жагсаалтыг нь хянах, хувийн мэдээллийг нь аюулгүй байлгах, тэдний бусадтай хуваалцаж байгаа контентэд анхааралтай хандах зэрэг багтана.

МЭДЭГДЭХ, ХААЛТ ХИЙХ

Одоогоор эцэг эхийн хяналт хор хөнөөлтэй контентуудад хаалт хийхэд л амжилт олж байна. Нийгмийн сүлжээний алгоритмуудын код тайлах явдал нэмэгдсэнээр хүүхдүүдийн хэрэглэж байгаа платформ, програм дээр насанд нь тохироогүй контент гарч ирэх тохиолдлууд ихэсч байна. Боломжтой бол хүүхдийнхээ цахим орчинд юу үзэж буйг тогтмол хянаж, зүй бус эсвэл аюултай контент байвал тэмдэглэх буюу мэдэгд. Цаг гарган хүүхэдтэй ярилцаж, юуг зохистой контентод тооцож байгаагаа тодорхойлж, хэрэглэгч/бүртгэлийг өөрсдөө хэрхэн мэдэгдэж, хаалт хийхийг үзүүлээрэй.

ЭХ СУРВАЛЖИЙГ НЬ БАТАЛГААЖУУЛ

Юм бүхэн харагдаж байгаа шигээ биш. Зарим хүмүүс хурдан хуваалцахын тулд бусдын цочоох, цочрол өгөх зорилготой хуурамч контент хийдэг. Хүүхэд чинь санааг нь зовоох ямар нэг зүйл цахим орчинд харсан бол та түүнд эх сурвалжийг нь нягталж, итгэж болохуйц эх сурвалжаас ирсэн болохыг нь нотолж, үнэн зөв эсэхийг тодруулахад туслах сэтгэгдлүүдийг шалгахыг зөвлөөрэй.

БОДИТ БАЙДАЛТАЙ НҮҮР ТУЛАХ НЬ

Интернет сорилт, хандлагууд хичнээн аюултай, аймшигтай санагдаж байсан ч хүүхдүүд дуртай оролцож, уруу татагдаж болзошгүй. Эцэг эхчүүдийн хувьд хамгийн сүүлд гарч байгаа цахим сорилтуудын талаар мэдлэгтэй байж хөл нийлүүлж алхахад төвөгтэй. Сүүлийн саруудад Нэтфликсийн киноноос санаа авсан, өдөр тутмын ажлаа нүдээ боолттойгоор хийхээр оролдож байгаа дүрс бичлэгээ интернэтэд байршуулдаг “Шувууны хайрцаг” сорилт зэрэг аюултай галзуу зүйлс нилээд дэлгэрч байна.

Хамгийн сайн зөвөлгөө бол хүүхэдтэйгээ үргэлж ярилц. Тухайн зүйлийг нь сонирхож байгаагаа илэрхийл. Хүүхэд чинь заавал тийм зүйл хийх албагүй гэдгээ мэдэж, хэрэв итгэлгүй байвал оролцох тухай бодохоос нь өмнө та түүнтэй ярилцахад бэлэн байгаа гэдгийг ойлгуул. Цахим орчинд үзэж харж байгаа бүхэн нь бодит байдаггүйг хүүхдүүдэд ойлгуулж, бататгах шаардлагатай байдаг. Хэрэв таны хүүхэд зовлонтой эсвэл аймшигтай контент үзсэн бол түүнтэй тэр тухай нь ярилцаж, дэмжиж, шаардлагатай бол нэмэлт тусламж авахад нь туслаарай.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд