“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

YOUTUBE –ийн талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Youtube бол дурын хүн дүрс бичлэг байршуулж, мөн үзэж болдог Google компанийн эзэмшдэг цахим талбар юм. Энэхүү талбарт мэдээлэл, зөвлөгөө, кино, цэнгээнт зэрэг олон төрлийн контентийг байршуулж, тэрбум тэрбум хүмүүс тэдгээрийг үзэж, сонирхож, үнэлж, санаа бодлоо илэрхийлж байдаг. Иймд эцэг, эх таны хувьд хүүхэд тань чухам ямар контент үзэж, юуг сонирхож байгааг нь ойлгож, мэдэж байх нь маш чухал юм.

ЗОХИСГҮЙ КОНТЕНТ РУУ НЭВТРЭХ ХЯЛБАР

Gmail хаягтай ямар ч хүүхэд Youtube рүү нэвтэрч дүрс бичлэг үзэх боломжтой. Зарим контент “насны хязгаарлалттай” гэсэн тэмдэглэгээтэй байдаг ч хувийн баталгаажуулалт дээр суурилдаг тул хүүхдүүд төрсөн өдрөө хуурамчаар оруулах замаар дээрх дүрмийг зөрчих боломжтой. Ингэснээр бүдүүлэг, хүчирхийлэл бүхий, аюултай зохисгүй дүрс бичлэгүүдийг үзэх боломжтой гэдгийг анхаарна уу.

YOUTUBE ХОЛБООТОЙ КОНТЕНТУУДЫГ САНАЛ БОЛГОДОГ

Youtube ихэнхдээ таны хүүхдийн өмнө нь үзэж байсан, байнга үздэг, сонирхдог дүрс бичлэгүүдийг эхний нүүр хуудсанд автоматаар нэмж санал болгож, харуулдаг. Энэ нь үзэх дадалтай нь холбоотой, сонирхолд нь нийцэх контентийг үзүүлэх зорилготой хэдий ч бас таны хүүхдийг үнэн зөв ангилагдаагүй, зохисгүй контент рүү нэвтэрч орох эрсдлийг давхар бий болгодог гэдгийг санаарай.

БУСАД ХЭРЭГЛЭГЧИД ТАНЫ ХҮҮХЭДТЭЙ ХУВИЙН ХАРИЛЦАА ҮҮСГЭЖ ЧАДНА

Хүүхэд тань өөрийн Gmail хаягаар YouTube-д нэвтэрснээр бусдаас зурвас хүлээн авах болон бусдад зурвас илгээх боломжтой болдог. Тухайлбал, “Зурвас” гэсэн дүрс эсвэл “Тухай” гэсэн шошгыг ашиглаж бусадтай харилцах бүрэн боломжтой байдаг тул анхаарна уу.

СОРИЛТЫН БУЮУ ЧАЛЛЕНЖ ДҮРС БИЧЛЭГҮҮД”-ИЙГ АНХААРАХ

Сорилтын буюу чалленж дүрс бичлэгг нь өөрийгөө зоригжуулах, сорих, видео хийх, бүтээх сэдэлтэй байдаг. Жишээлбэл “мөстэй хувингийн сорилт (ice bucket challenge)” зэрэг ихэнх энэ төрлийн дүрс бичлэгүүд нь бусдад гэм хор учруулахааргүй, сайн сайханд бусдыг уриалсан байдаг ч зарим нь аюултай, бүр амь насанд халтай ч байх нь бий.

ДҮРС БИЧЛЭГИЙГ ХУВААЛЦАХ НЬ ТАНЫ ХҮҮХДИЙН ХУВИЙН НУУЦЛАЛД ЭРСДЭЛ УЧРУУЛДАГ

Таны хүүхэд Google-д бүртгэлтэй, хаягтай бол өөрийн хийсэн дүрс бичлэгийг онлайн орчинд байршуулж боломжтой. Үүний тулд тэд өөрийн хувийн хуудас “YouTube суваг”-ийг нээх ёстой. Энд байршуулсан дүрс бичлэгүүдийг хэн ч үзэж, тайлбар хийж, мөн бусадтай хуваалцаж болдог тул таны хүүхдийн хувийн мэдээлэл, нууцлал эрсдэлд орж болзошгүй гэдгийг анхаарна уу.

 

ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХАД ТАНЬ ХЭРЭГ БОЛОХ ЗӨВЛӨМЖ

“ХЯЗГААРЛАГДМАЛ ГОРИМ”-ИЙГ АШИГЛАХ

Хязгаарлагдмал горим ашигласнаар та хүүхдээсээ насанд хүрэгчдэд зориулсан, таагүй дүрс бичлэгүүдийг нуух боломжтой болно. Уг горимд YouTube-ийн өөрийн автомат систем нь мэдээллийн санд бусад хэрэглэгчдийн зүгээс зохисгүй гэж тэмдэглэгдэж, бүртгэгдсэн контентуудыг шүүж, хэрэглэгчид аюултай, эрсдэлтэй контент үзүүлэхээс сэргийлдэг. Хязгаарлагдмал горимыг ашиглахын тулд төхөөрөмж тус бүр дээрх тохиргоо цэс рүү орж идэвхжүүлээрэй.

ДҮРС БИЧЛЭГИЙГ ХЭН ҮЗЭХ БОЛОМЖТОЙГ ТОХИРУУЛАХ

Таны хүүхдийн байршуулсан контентийг хэн үзэж болохыг “Тохиргоо” цэс рүү орж тохируулах боломжтой. Энд “нийтийн” буюу бүх хүнд нээлттэй, бүх хүн үзэж, хуваалцах боломжтой, “хувийн” буюу зөвхөн таны хуваалцаж байгаа хүмүүст нээлттэй, цааш нь бусдад түгээх боломжгүй, “бүртгэлгүй” буюу таны хуваалцаж байгаа хүмүүст нээлттэй, цааш нь түгээх боломжтой гэсэн сонголтууд байдаг.

СЭЖИГ БҮХИЙ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХОРИГЛОХ

Хүүхдээ цахим гадуурхал, дарамт шахалт, доромжилсон, бүдүүлэг сэтгэгдэлээс хамгаалахын тулд зарим хэрэглэгчдийг хааж, хориглох хэрэгтэй. Ингэснээр тухайн хэрэглэгчээс таны хүүхдийн дүрс бичлэгийг нууж, хүүхэдтэй тань ямарваа байдлаар харилцах боломжгүй болгож, хамгаалдаг.

ТЭДНИЙ ТУРШЛАГЫГ ӨӨРЧИЛ

“Тоглуулах жагсаалт” (playlist буюу YouTube-н санал болгосон бус таны сонгосон дүрс бичлэгүүд үргэлжлэн тоглох), ”Захиалга” (subscription буюу хүүхдийнхээ үзэх сувгуудыг та өөрөө сонгох) зэрэг сонголтуудыг ашиглан хүүхдийнхээ үзэж байгаа зүйлийг хянах, үзэх зүйлд нь нөлөөлөхийг хичээгээрэй. Мөн дүрс бичлэг үзэхэд гарч ирдэг “Дараа нь” гэсэн бичгийн хажууд байрлах хөх товчийг дарж автомат тоглуулагчийг унтраахыг зөвлөж байна.  

ГЭР БҮЛИЙН GOOGLE ХАЯГ НЭЭХ

Гэр бүлээрээ хэрэглэх боломжтой Google хаягтай байх нь зөв шийдэл юм. Ингэснээр та хүүхдийнхээ юу үзэж, байршуулж, хуваалцаж байгааг хянах боломжтой болно. Мөн YouTube хуудас таны хүүхдийн хамгийн сүүлд үзсэн  дүрс бичлэг, хайлт, санал болгосон дүрс бичлэг, сувгуудыг харуулдаг.

ӨӨРИЙН БҮРТГЭЛТЭЙ БОЛОХ

YouTube-ийн сайн мэдэхийн тулд та өөрөө бүртгүүлж, боломжуудыг нь судлаарай. Зохисгүй дүрс бичлэгүүдийг хэрхэн тэмдэгжүүлэх, сэтгэгдлүүдийг тохируулах, удирдах, хэрэглэгчийг хаах, хязгаарлах зэргийг олж мэдээрэй. Ингэснээр та хүүхдэдээ илүү сайн зөвөлгөө, зааварчилгаа өгөх боломжтой.

ЦАХИМ ГАДУУРХАЛААС БОЛГООМЖЛОХ

Таны хүүхэд youtube-д дүрс бичлэг байршуулсан л бол дэлхийн өнцөг булан бүрийн интернэт хэрэглэгчид бүгд үзэх боломжтой гэсэн үг. Таны хүүхдийн байршуулсан дүрс бичлэгийн дор үл таних хүмүүс эерэг болон сөрөг сэтгэгдэл бичих болно. Иймд сэтгэгдлүүдийг шалгаж, хүүхдийнхээ хийж байгаа бусад үйлдэлд анхаарал хандуулаарай.

НИЙТЭД АЛДАРТАЙ СУВГУУДЫГ МЭДЭЖ АВАХ

Хүүхдүүдийн дунд ямар сувгууд алдартай, түгээмэл байдгийг мэдэж авах хэрэгтэй. Одоогоор PewDiePie, NigaHiga, Zoella, KSI, JennaMarbles, Markiplier, Smosh, ThatcherJoe & Casper Lee зэрэг сувгууд хүүхдүүдийн дунд хамгийн алдартай, үзэлт хандалт өндөртэй байгаа юм байна.

ХҮҮХДЭЭ ДЭНДҮҮ БАГА ГЭЖ БҮҮ БОД

Өнөөдөр 3-15 насныхны дунд YouTube болон YouTube Kids хамгийн их үздэг сувгууд болоод байгаа бөгөөд цаашид ч энэ хандлага улам нэмэгдэх төлөвтэй байна. Хүүхдүүдийн хувьд энэхүү онлайн талбартай танилцаж эхлэх нас улам залуужиж байгаа тул эцэг эхчүүдийн хувьд үүний эерэг болон сөрөг талуудыг нь ойлгож, мэдэж байх нь нэн чухал.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд