Цахим нийгмийн сүлжээн дахь шинэ эмгэг болох "fomo" гэж чухам юу вэ?
Барууны орнуудад нэгэн шинэ нэр томьёо бий болсон нь FOMO(Fear of Missing Out)буюу мэдээллээс хоцрохоос айх түгшүүр юм. Энэ нэр томьёо 2013 онд Oxford-ын толь бичигт албан ёсоор нэмэгдсэн байна. FOMO гэдэг нь цахим нийгмийн сүлжээнд нэмэгдэх шинэ мэдээллээс хоцрох вий гэх чимээгүй айдас бөгөөд хүнд стресс болон депресс үүсгэх нэг шалтгаан болдог гэж хэлж болно.
FOMO-г анх судалсан Oxford-ийн их сургуулийн судлаач Andy Przybylski-ийн үзэж буйгаар FOMO нь сүүлийн үед бий болсон шинэ содон ойлголт биш юм. Эртнээс хүмүүс өөр хоорондоо нийгмийн харилцаанд оролцоход илэрч гарч ирдэг байсан түгээмэл үзэгдэл хэмээсэн байна.
Өнөө цагт хүмүүсийн харилцаа цахим нийгмийн сүлжээнд түлхүү өрнөх болсон. Мэдээллийн шинэчлэл хурдацтай байхын хэрээр та хэчнээн өөрөө мэдээллийг эрж хайх оролдлого хийгээгүй ч цахим орчинд өрнөж буй шинэ содон зүйлсээс хоцрохгүйн тулд ойр ойрхон цахим сүлжээгээ шалгасаар өдрийг өнгөрөөдөг болов уу. Тэгвэл FOMO нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар та бүхэнтэй хуваалцъя.
Infomania буюу мэдээллийн донтон
Infomania нь FOMO үүсэх эх үндэс нь юм. Мэдээлэлд донтох гэдэг нь ямар ч хамаагүй, эмх замбараагүй олон төрлийн мэдээллийг тархиндаа шууд хүлээж авахыг хэлнэ. Энэ зуршил нь тасалдах үед хүний тархи яг л хар тамхинд донтсон мэт хариу үйлдэл үзүүлж, бие тавгүйтэх, хүйтэн хөлс чийхрах, уур уцаартай болох зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Түүнчлэн гар утас, и-майл хаягаа шалгахгүй л бол ямар нэг зүйл дутуу мэт мэдрэмж төрж стрессдэх нь ч бий.
Лондонд энэ төрлийн сэтгэцийн эмгэгийг багасгах цаашлаад арилгахын тулд компаниудын хүний нөөцийнхөн ажилчдаа сэтгэл заслын эмнэлэгт хандахыг зөвлөх болжээ. FOMO болон Infomania-гийн нөлөөнд хэт их автсан хүмүүсийг хүлээж авах сувиллын газар ч нээгдсэн талаар TIME сэтгүүл онцолсон байна.
Үүнээс харахад хүмүүс цахим хэрэглээндээ хяналт тавьж чадаагүйгээс болж өөрийгөө ч удирдаж чадахааргүй болтлоо донтох аюул нүүрлээд байна.
FOMO-гийн нөлөөлөл
Энэ мэдээллийг уншаад танд магадгүй эргэн тойрны ихэнх хүмүүс FOMO-той юм болов уу гэх бодол өөрийн эрхгүй төрөх байх.
2005 онд Hewlett Packard Англи улсыг донсолгосон судалгааг нийтэлжээ. Түүний судалгаанд 1100 орчим мэдээлэлд донтогсод оролцсон байна. Судалгааны үр дүнд тэдний ажлын гүйцэтгэл муу, нойрны асуудалтай байсан зэрэгт сэтгэн бодох чадвар нь маш их нөлөөлжээ. Судлаачийн үзэж байгаагаар уг донтолт нь яг л хар тамхинд донтсон хүний биед илэрхүйц нөлөөлөлтэй ижил байна хэмээжээ.
Харин Миннесотагийн их сургуулийн профессор Sophie Leroy-гийн судалгаагаар мэдээлэлд донтогсодын анхаарал төвлөрөх байдал харьцангуй сул тул өдөр тутмын амьдралд нь ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тэрээр энэ асуудлаар иргэдэд авто машин жолоодож байх явцад гар утсаа оролдохгүй байхыг анхааруулсан байна. Сүүлийн жилүүдэд авто машины осол ихсэх болсон нь жолооч нар гар утсаа 10 секүнд тутамд оролдох болсонтой холбоотой юм.
Хэт их мэдээллийг тархиндаа хяналтгүй оруулснаар хүний уураг тархи хэрэгцээгүй зүйлд анхаарч ажилласнаар үргэлж ядрах мэдрэмж төрдөг байна. Энэхүү мэдрэмж бидний биед стрессийн гормоныг ихээр ялгаруулна. Иймд мэдээлэл бүрийг өөрийн тархинд зүгээр л юүлэх шаардлагагүй гэдгийг зөвлөж байна.
Хүн бүр дэлхий дээр болж буй бүх үйл явдлын талаар заавал мэдэх албагүй, зөвхөн өөрт шаардлагатай гэсэн мэдээллийг олж авах нь чухал юм. Иймд мэдээллийн донтон болохгүйн тулд дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж байхыг хүсье. Үүнд:
- Цахим хэрэглээгээ хэв журманд оруулах: Огт хамааралгүй группүүдээс татгалзаж, хэрэгтэй хэрэггүй мэдээллийн сайтуудыг хаах хэрэгтэй.
- Цахим нийгмийн сүлжээндээ аль болох ажил хэргийн харилцааг үүсгэхгүй байх: Бид цахим орчноос татгалзаж чадахгүй байх нэг шалтгаан бол ажил хэргийн, амин хувийн гэх харилцааг цахим нийгмийн сүлжээнд бий болгосонтой холбоотой. Иймд найз нөхдийн хүрээллээ цахим нийгмийн сүлжээндээ цэгцэлсэн нь зүгээр болов уу. Ялангуяа ажил хэргийн харилцааг албан болгох нь тустай юм.
- Цахим сүлжээг өөрийн толь тусгал хэмээн хүлээн авахаа болих: Та цахим нийгмийн сүлжээнээс холдлоо гээд өөртэйгээ болон бусадтай харилцах арга замаа алдана гэж айх хэрэггүй юм. Энэ нь ердөө таныг бусадтай холбох арга хэрэгсэл болохоос таныг илэрхийлэх толины тусгал биш билээ.
Иймд цахим нийгмийн сүлжээнд болж байгаа үйл явдал, мэдээ мэдээлэл сонин хачин бүхэн өнөөдрийн таныг бүтээхэд огт хамааралгүй болохыг анзаарч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэж чадвал та цахим нийгмийн сүлжээн дэх мэдээллийг тэгтлээ их чухалчлах шаардлагагүй гэдгээ ухаарах болно.
Хүн бүрийн цахим хэрэглээний онцлог өөр өөр ч одоо цагт дэлгэцийн донтон, мэдээллийн донтон, компьютер тоглоомын донтон гээд олон төрлийн шинэ сэтгэцийн эмгэг үүсээд байна. Энэ бүх зүйлийг техник технологийн хөгжилтэй шууд холбож буруутгалгүй, цахим хэрэглээний зөв зохистой хэрэглээг өөртөө зуршил болгох хэрэгтэй. Иймд бурууг бусдаас бус, өөрөөсөө хайж, өөртөө дүн шинжилгээ хийгээд нэг үзээрэй.
Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн
Мэдээллийн эх сурвалж