"Girls in ICT Day" арга хэмжээ боллоо
НҮБ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллага 2011 оноос эхлэн жил бүрийн 4-р сард Girls in ICT Day буюу харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ онд “Цахим шилжилт-охидын оролцоо” уриа дор дэлхий нийтээр тэмдэглэж байна.
Girls in ICT Day санаачилга нь залуу эмэгтэйчүүд, охидод харилцаа холбоо, мэдээллийн технологийн боломжийг таниулах, тэднийг чадавхжуулах, энэ салбарт карьераа өсгөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой өдөр юм.
Монгол Улс энэхүү өдрийг 2016 оноос хойш тэмдэглэж ирсэн. Өнөөдөр /2025.04.30/ Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан, “И-монгол академи” УТҮГ болон Монголын Хүүхдийн зөвлөл хамтран “Girls in ICT Day 2025” арга хэмжээг охидын цахим орчинд сурч хөгжих, эрхээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ цахим шилжилтэд охидын оролцоог хангах зорилгоор ахлах сургуулийн 200 орчин охидыг хамруулан зохион байгууллаа.