Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

"Дэлхийн хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан хүүхэд хамгааллын чиглэлээр цуврал сургалт зохион байгууллаа

"Дэлхийн хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан хүүхэд хамгааллын чиглэлээр цуврал сургалт зохион байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тус өдрийг “Миний өдөр, миний эрх, миний ирээдүй” уриа дор тэмдэглэж, хүүхдийн эрх, дуу хоолой, оролцоог онцолж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилгаар “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, эрх, хамгааллын чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар сурталчлан таниулах зорилтын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд, төрийн албан хаагчид болон харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгууллаа.

Цуврал сургалтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэв. Үүнд: 

Хүүхдэд зориулсан сургалт

2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын “Олонлог” сургуулийн 11 дүгээр ангийн 120 гаруй сурагчдад “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулж, цахим орчинд хүүхдэд тулгарч болзошгүй эрсдэл, цахим дээрэлхэлт, хувийн мэдээллийн хамгаалалт, аюулгүй, хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэг, ойлголт өглөө.

 

Төрийн албан хаагчдад зориулсан сургалт

2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 60 гаруй ажилтан, албан хаагчдад “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулж, цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын асуудал, хууль, эрх зүйн зохицуулалт, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах талаар мэдээлэл өглөө.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт

Харилцаа холбооны салбарын 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөллийг хамруулан “Өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчдийн хүүхэд хамгааллын үүрэг, оролцоо, хүүхдийн эрхэд ээлтэй, аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэхэд анхаарах асуудлуудыг танилцууллаа.

Сургалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний зорилго, үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл өглөө.

Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран эрсдэл мэдээлэх системийг хөгжүүлж буй “Мөрч вижн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Оргилболд “e-ersdel.mn” системийн үйл ажиллагаа, хэрэглээ, цахим орчинд тулгарсан эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдээлэх боломжийн талаар танилцуулсан юм.

Хүүхдийн эрхийг цахим болон мэдээллийн орчинд хамгаалах нь төрийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллага, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон цахим үйлчилгээ үзүүлэгчдийн хамтын үүрэг, оролцоо юм.

 

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд, төрийн албан хаагчид, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн эрхэд ээлтэй, аюулгүй цахим болон мэдээллийн орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.