Цахим хэрэглээ бол ертөнцийг холбох гүүр юм
Одоо үед амтай бүхэн л олон нийтийн сүлжээний талаар ярьж хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар хэлэлцэх болжээ. Энэ нь ч аргагүй юм. Цахим сүлжээ бий болсноор хүмүүсийн харилцаанд шинэ өөрчлөлтийг бий болгосныг дурдах нь зүйтэй.
Олон нийтийн сүлжээ нь дэлхий бөөрөнхийг өдөр бүр бидэнд батлах мэт
Харвардын нийгмийн сэтгэл судлаач Stanley Milgram-ийн хийсэн судалгаа нь 1960 аад онд олныг гайхшруулжээ. Бүх зүйл нэг захианаас эхлэлтэй аж. Алис гэх эмэгтэй Бостоны их сургуулийн гудамжаар алхаж явахад шашин судлалын багш нь Алисд хаягласан нэгэн захиаг дамжуулан өгчээ. Тэр л мөчид Алис судалгааны сайн дурын оролцогч болсон гэдгээ ойлгосон. Түүний нөхрийн Stanley Milgram-тай хамтран хийж буй судалгаа нь биеллээ олсны баталгаа байжээ.
Тэд Америкийн төв хэсэг болох Канзасаас Алисыг огт таньдаггүй нэгэн тариачинг танилын хүрээгээ ашиглан Бостонд байгаа Алист захиа илгээхийг хүсчээ. Ингэж танилаас танил руу захиаг илгээхэд 4 өдрийн дараа захиа эзнээ олсон нь дээр дурдсан үйл явдал билээ.
Stanley Milgram энэхүү судалгааны үр дүнг дүгнэхдээ 1960-аад онд Америкт огт танихгүй хүмүүс хоорондоо захидал солилцоход дунджаар 5-6 хүнээр дамжиж байгаа нь Америкт 6 хүн тутмын 1 нь таныг таньдаг байх магадлалтай байгааг тогтоосон байна. Энэхүү судалгааг үндэслэн 6:1 гэх онол бий болсон.
Тэгвэл одоо үед бид олон нийтийн сүлжээг ашиглан танихгүй хэн нэгэнд мэдээлэл хүргэх шаардлагатай бол 4 өдөр зарцуулах биш 4 хором л хангалтай болсон нь цахим хэрэглээний гавьяа юм. Түүгээр ч үл барам дэлхийн хэмжээнд 6:1 онол биеэллээ олж байна. Энэ давуу талыг ашиглан хүмүүс харилцаандаа өөрчлөлтийг бий болгож болох юм.
Орон зайн хол ойрыг үл хамааран мэдээллийг шуурхай дамжуулагч болгон ашиглах
Хүмүүс бид зөвхөн утсаар эсвэл захидлаар хоорондоо харилцдаг байсан цаг саяхан. Тэгвэл орчин цагт бид Лондонгоос Улаанбаатар, Улаанбаатараас Баян-Өлгий гэхчилэн улсаас улс, хотоос хот айлд ч хүртэл шаардлагатай гэх мэдээллийг бие биедээ дамжуулахад ямар нэг олон нийтийн цахим сүлжээг ашигладаг байхад л хангалттай болжээ.
Тиймдээ ч сэтгэл судлаачид цахим хэрэглээг хамаатан садан, хөрш зэргэлдээ айл болон хүмүүс хоорондын харилцааг ойртуулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нэг арга хэрэгслээ болгох нь зүйтэй хэмээн зөвлөдөг юм.
Бидний дунд өөрийн хамаатан садангаа танихгүй байх үзэгдэл элбэг тохиолддог. Тэгвэл facebook гарч ирснээр гэр бүлүүд өөрийн ургын модыг facebook группд үүсгэж байгаа нь сүүлийн үед их ажиглагдах болж. Энэ нь хүмүүсийг цахим хэрэглээгээр дамжуулан өөрийн үр хүүхдэд садан төрлөө таниулах, хичнээн хоорондоо уулзаад байдаггүй ч гэр бүлдээ болж буй мэдээллийг зургаар эсвэл постоор дамжуулан хамаатнууддаа хүргэж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Тэр ч бүү хэл хөршийн холбоо ч цахим ертөнцөөр дамжин өдрөөс өдөрт сайжирч хоорондоо мэдээлэл солилцож байна.
Түүнчлэн Австралийн сэтгэл судлаачид эцэг эхээсээ урт хугацаагаар хол байх шаардлагатай болсон хүүхдийн хүмүүжлийг судалж үзэхэд хүүхэд өдөрт дунджаар 1-2 цаг эцэг эхтэйгээ цахимаар харилцах нь тэдний хүмүүжил болон суралцах үйлд нь эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Иймд хүүхдээ хүмүүжүүлэхдээ хол ойрыг үл хамааран амьдралд нь хэрэгтэй зөвлөгөөг цаг алдалгүй өгч байх бүрэн боломжтой юм.
Цахим ертөнц биднийг мэдлэгийн эх далай руу хөтөлж байна
Цахим ертөнцийг та үнэхээр оновчтой ашиглаж чадвал таны өмнө дэлхийн мэдээллийн сан болон номын сан хөмрөг өврөө дэлгэх боломжтойг та анзаарах болно. Энэ их хурдацтай хөгжиж буй эрэн үед бид мэдлэг мэдээллийг хурдан олж авах шаардлагатай болсон. Тэгвэл бид энэ их далайгаас хурдан шуурхайгаар хэрхэн баталгаатай мэдлэг мэдээлэл авч болох вэ?
- Хэрэв та ерөнхий мэдээлэл болон танин мэдэхүйн шинжтэй зүйлийг мэдэхийг хүсч байвал www.google.com, www.wikipedia.org -оос оновчтой үг хэрэглэн хайлт хийж хэрэгцээтэй мэдээллээ авч болох юм. Ингэж хайх явцад хамгийн түрүүнд гарч ирсэн мэдээлэл бүхэн үнэн зөв гэж бодож болохгүй шүү. Баталгаатай мэдээллийг олж авахын тулд та тухайн мэдээллийн зохиолч байгаа эсэх, эх сурвалжтай эсэхийг заавал нягтлан шалгаарай.
- Нарийвчилсан дэлгэрэнгүй мэдээлэл, мэргэжлийн салбарын мэдлэгийг хайж байгаа бол та олон улсын их сургуулиудын цахим хаягаар зочилохыг зөвлөж байна. Тэнд ном, сонин, сэтгүүл гээд таны мэдэхийг хүсэж буй мэдээллийг нарийн түүвэрлэн байршуулсан байдаг. Жишээ нь та Философи судалдаг бол www.wikipedia.org – гаас илүү www.plato.stanford.edu, http://www.iep.utm.edu/ гэх мэт линкүүд нь баталгаатай эх сурвалж болох болно.
- Өөрийгөө илүү хөгжүүлэх, боловсрол эзэмшихийг хүсч байвал та цахим сургалтанд хамрагдаж болох боломжийг мэдээллийн эрэн зуун бидэнд нээж өгсөн. Танд интернет байгаа л бол та дэлхийн хаанаас ч өөрийн хүссэн боловсролыг эзэмших боломжтой юм.
Бизнес цахимаар илүү хурдацтай хөгжиж байна
Цахим ертөнц нь дэлхийн өнцөг булан бүрт бизнесийн аль ч салбарт хувьсал авчраад байна. Ажил олгогч ажилтан хайхаас авахуулаад өрсөлдөгчөө судлах, худалдаагаа өргөтгөх, сурталчилгаагаа үнэгүй олон нийтэд цацах гээд бизнест интернетийн ашиг тус их буйг бид хаанаас ч харж болно.
Үүнтэй уялдуулан цахим хэрэглээ судлаач Gartner хүмүүс яагаад цахимаар бизнес эрхлэх, худалдан авалт хийх хүсэлтэй байдгийг судалжээ. Түүний үзэж байгаагаар хүмүүс интернетээр бизнес эрхлэхэд дараах хүчин зүйлс түлхүү нөлөө үзүүлж байна. Үүнд
- Интернет хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна;
- Тогтмол, бага зардлаар, орон зайг үл хамааран хаанаас ч бизнес эрхлэх бололцоотой;
- Харилцахыг хүссэн хүний мэдээллийг ямар ч саадгүй олж авч харилцах боломжтой;
- Зар сурталчилгааг өөрийн хүссэн загвараар хийж олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүмүүст хүргэж чадна;
- Цаг хугацааны давчуу байдал, бусдын санал бодол, ятгалга, хувь хүний сэтгэл хөдлөл гэх зэрэг хүчин зүйлд авталгүй цахим ертөнц хүмүүст өөрийнхөөрөө өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжийг олгохоос гадна бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлж байгаа нь хүмүүс цахим бизнесийг дэмжих гол хүчин зүйлс болж байна.
Цахим хэрэглээ нь бидний амьдралыг хялбарчилж, хорвоо дэлхийг алганд багтаахаар багасган, холыг ойртуулж ойрийг нэгтгэж чадаж байгаад бид баярлахгүй байхын аргагүй. Гэхдээ түүнийг хэрхэн зөв зохистой хэрэглэх нь бид бүгдийн ухамсрын асуудал болоод байна, Энэ байдал хүмүүсийн цахим хэрэглээнд хандах хандлагыг сайн муу гэх хоёр туйл руу чиглүүлээд байна.
Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн
Мэдээллийн эх сурвалж