Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Фишинг буюу интернет залилангийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Фишинг буюу интернет залилангийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

(Анхааруулга! Интернет залилагчид ямар ч насны хэнийг ч ялгахгүй)

Технологийн энэ цаг үед цахим орчинд найзтай болох, тэдэнтэй харилцах нь амьдралын энгийн нэг хэсэг болоод байна. Харамсалтай нь таны итгэлийг олж аваад ашиглах гэсэн хүмүүс бас тэнд бий. Фишинг (загасчлах) гэдэг нь цахим орчинд хуурамч профайл үүсгээд өөрийгөө өөр хүн гэж бусдад итгүүлж, хохирогчдоо хуурахыг хэлнэ.

ХҮМҮҮС ЯАГААД ИНТЕРНЕТ ЗАЛИЛАН ХИЙДЭГ ВЭ?

“Катфишинг буюу Загасчлах” гэдэг нэр томъёог анх 2010 онд цахим орчинд харилцаа үүсгэсэн эмэгтэй нь түүний бодож байсан хүн биш өөр нэгэн болохыг мэдсэн нэгэн залуугийн тухай баримтат нэвтрүүлгээр хэрэглэсэн байна. Загасчлагчид хуурамч бүртгэл үүсгэхийн тулд амьдралын түүхээ зохиож, сэжиг аваагүй хохирогчийнхоо зургийг ашигладаг.

Хохирогчид хуурамч бүртгэлтэй амьдралын туршлага, ажил, найз нөхөд болон зургуудаа хуваалцдаг. Залилагчийн зорилго нь хохирогчдоо бэлгийн харилцаанд уруу татах байж болох бөгөөд хүмүүсийг хуурч мөнгө салгах зорилготой ч байж болно. Цахим харилцаа үүсгэн итгэл олж авсаныхаа дараа залилагч зээлэх, аялах болон бусад ямар нэг төлбөрт хэрэглэх нэрээр мөнгө асууж авдаг.

БУСАД САНАА ЗОВООСОН ЗҮЙЛС

Загасчлах үйл явц их хурдан өрнөдөг. Залилан хийж байгаа хэн нэгэн зорилгодоо хүрэхийг хүсч байгаа л бол үйл явцийг хурдавчлахаар яардаг. Хохирогчтой маш хурдан хугацаанд харилцаа тогтоохоор оролддог. Хуурамч бүртгэл үүсгэсэн хүмүүс хохирогчийн зургийг ашиглан тэдний дүрд хувирах нь ч бий. Ер нь залилагчид Фэйсбүүк, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээний сайтуудаас хулгайлсан зургаа нийтлэх нь түгээмэл байдаг.

ЗАГАСЧЛАЛЫГ ХЭРХЭН ЯЛГАЖ ТАНИХ ВЭ?

Профайлын зураг болон нийтэлсэн бусад зургууд томоохон тодорхойлогч байж болно. Загасчлагчид жинхэнэ нэр нүүрээ нуухын тулд загвар өмсөгчид, бусад хүмүүсийн бэлэн зургуудыг, эсвэл өөрийнх нь царайг харахад төвөгтэй байх зургуудыг ашигладаг. Тэд зөвхөн текст зурвасаар харилцаж, дүрс бичлэг ашигласан зүйлсээс зугтаж жинхэнэ дүр төрхөө илчлэхээс айдаг. Харилцан ярианы туршид хэлсэн зүйлс нь хоорондоо таарахгүй байх, эсвэл өөрсдийнх нь тухай тодорхой асуултанд хачин хариулах, жигтэй ааш гаргаж болзошгүй.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

ХЯНАЛТ БА ХАРИЛЦАН ЯРИА

Цахим орчинд таагүй мэдрэмж төрүүлсэн, ялангуяа хэн нэг танихгүй хүн түүнтэй холбогдсон зэрэг аливаа зүйлийн тухай өөрийн итгэдэг том хүнд ярьдаг байх талаар хүүхдээ зоригжуулж, дэмж. Цахим орчинд танихгүй хүнээс илгээсэн найзын хүсэлт хүлээн авах, эсвэл харилцаж болохгүй талаар хүүхдэдээ сануулж, эцэг эх, асран хамгаалагчаасаа асууж байхыг сануул.

Мөн хүүхдийнхээ хэнтэй харилцаж байгаа талаар мэдэж, хэрэв ялангуяа нууцлаг байвал интернет хэрэглээг нь сайтар хяна. Цахим орчинд хүмүүстэй юуг хуваалцахад аюулгүй болох, хувийн нууц мэдээллээ нууц хэвээр нь хадгалах, өөрийнх нь нэр хаягийг илчлэх ямарваа зүйлийг нийтлэхгүй байх талаар хүүхэдтэйгээ тогтмол илэн далангүй яриа өрнүүл. 

ХУВИЙН НУУЦ БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хүүхдийн чинь цахим профайл хувийн тохиргоо дээр байгаа эсэхийг нягтлан шалга. Ингэснээр зөвхөн түүний найзууд профайлыг нь үзэж, холбоо тогтоох боломжтой. Мөн хүүхэдтэй хамт түүний найзуудын жагсаалтыг нь шалгаад үзээрэй. Тэр жагсаалт дээрх бүх хүнийг таньдаг бас итгэдэг үү гэдгийг лавлаарай. Заримдаа залуу хүмүүсийг шинэ хүнтэй танилцах, ярилцахыг нь болиулахад төвөгтэй байдаг.

Энэ тохиолдолд тухайн хүний цахим профайл дахь мэдээлэлд итгэхээс илүүгээр маш олон асуулт асууж сониуч байхыг нь дэмжээрэй. Жишээ нь тэд хамтын найзуудтай юу? Үгүй бол тэр хүн түүнийг хэрхэн олсон, яагаад холбогдох болов гэдгийг асуу. Цахим орчинд танилцсан хүнтэйгээ хэзээ ч уулзаж болохгүй, бас өөрийнхөө болон өөрийн чинь дансан дахь мөнгийг хэзээ ч танихгүй хүнд илгээж болохгүй гэдгийг хүүхэд чинь мэдэх нь чухал.

СЭРЭМЖТЭЙ БАЙЖ МЭДЭГД

Хүүхдийн чинь хэрэглэдэг бүр платформ дээр бүртгэлийг хэрхэн мэдээлэх, бас хаалт хийх талаар хүүхдэдээ зааж өгөхөөс гадна өөрөө сурч ав. Хуурамч бүртгэлийг мэдэгдэж, хүүхдийн чинь профайлыг үзэхээс сэргийлэн хаалт хийж болно. Хэрэв таны хүүхдийн зургийг хэн нэгэн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байна гэж санаа зовниж байвал Google зургийн хайлт ашиглан шалгаж болно.

Хүүхдийнхээ зургийг оруулахад Google бусад вэбсайтуудад холбоотой зургууд байгаа эсэхийг харуулна. Ингэснээр таны хүүхдийн урьд өмнө цахим орчинд хуваалцаж байсан зургийг хэн нэгэн ашиглаж байгаа бол харуулна. Хэрэв тийм байвал тэр хэрэглэгчийг ашиглаж байгаа платформ руу нь шууд мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв та ямарваа хууль бус, луйврын, эсвэл зүй зохисгүй үйл явдал болжээ гэж сэжиглэж байвал цагдаад нэн даруй мэдэгдэх нь зүйтэй.