Адам эва хоёрын цахим хэрэглээний онцлог
Дэлхий дээр хүн анх үүссэн тэр цагаас эрэгтэй эмэгтэй гэх ойлголт бий болсон. Хүйсийн ялгаатай байдлаас гадна бие физиологи, сэтгэл зүрх, ухаан бодол, хандлагаараа өөр хоорондоо харилцан адилгүй гэдгийг хүн бүхэн сайн мэднэ.
Харин эрэгтэй эмэгтэй хүний цахим хэрэглээ нь хэр их ялгаатай болохыг та бодож үзсэн үү.
Facebook-ийн судалгааны баг 1.5 сая хэрэглэгчдийн постод дүн шинжилгээ хийж үзжээ. Эмэгтэйчүүдийн хувьд өөрт тулгарч буй асуудал, ажил, гэр бүл, хүүхдийн хүмүүжил гэхчлэн хувийн шинж чанартай мэдээллийг тухайн мөч бүрт цахим нийгмийн сүлжээнд бусадтай хуваалцдаг байна.
Харин эрчүүд улс төр, шинжлэх ухааны ололт, гүн ухаан гэх мэт өргөн хүрээний сэдвээр хоорондоо ярилцаж, түүний талаар саналаа солилцдог байна. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүд гүн ухаан, улс төр зэрэг сэдвийг сонирхдоггүй гэсэн үг биш юм. Нэгэн судалгаанд улс төр, нийгмийн сэдвээр нийтлэл бичдэг эмэгтэй сэтгүүлчдийг эрэгтэй сэтгүүлчидтэй харьцуулахад уншигчдаас сөрөг сэтгэгдэл илүү ихээр хүлээн авдаг болохыг тогтоожээ. Энэ нь эмэгтэй хүн улс орны болоод нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд хуваалцахаас эмээдэг байх магадлалтай хэмээжээ.
Түүнчлэн эрэгтэй хүн нийгмийн сүлжээг шинэ харилцаа үүсгэх, мэдээлэл хайх зориулалтаар ашигладаг бол эмэгтэйчүүд одоо байгаа харилцаагаа хадгалж үлдэхийн тулд ашигладаг. Энэ хандлага нь тэдний ашигладаг цахим хэрэглээ өөр хоорондоо ялгаатай болохыг илтгэж байна.
Олон нийтийн сүлжээнд эрчүүд текст хэлбэрээр өөрийгөө илэрхийлж болохуйц блог, мэдээллийн чанартай програм ашиглах дуртай бол эмэгтэйчүүд зургаар өөрийгөө илэрхийлж болохуйц програм ашиглах дуртай юм. Тиймдээ ч Instagram хэрэглэгчдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Энэ тухай Таллины Их Сургуулийн социологич Катрин Тиэденберг дүгнэхдээ хүний хөгжлийн түүхэн явцад гэр бүлийн хөрөг зураг, дурсамжит мөчийг хадгалж үлдээх үүргийг ихэнхдээ эмэгтэйчүүд гүйцэтгэж ирсэн тул эмэгтэй хүн аливаа мэдээ мэдээллийг хараа зүйн хүртэхүйгээр илүү таашааж сонирхдог хэмээжээ.
Түүгээр ч барахгүй эмэгтэй хүн олон нийтэд өөрийгөө хувь хүн талаасаа илэрхийлэхдээ голлон өөрийн сэлфи зургаар илэрхийлдэг бол эрчүүд үйл явдал, өгүүлэмж, өөрийн бүтээл зэргээр илэрхийлэхийг илүүд үздэг байна. Хэрвээ эрчүүд олон нийтийн сүлжээнд хэт их өөрийн селфийг байршуулж байвал сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй байж болох магадлалтайг Охайо мужийн Их Сургуулийн хийсэн судалгаа онцолжээ.
Завгүй амьдралын хэмнэлд илүү хурдан, хялбар аргаар хүний хэрэгцээг хангах олон арга бий болоод байна. Түүний нэг жишээ нь цахим худалдан авалт юм. Та хаанаас ч, хэдийд ч өөрийн хүссэн зүйлийг захиалах бололцоотойгоороо давуу талтай юм. Тэгвэл цахим худалдан авалт хийхдээ эрчүүд болоод эмэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг ялгааг энд дурдъя.
Эрчүүдийн хувьд цахим худалдан авалт нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилготойгоор бодит байдлыг дүгнэн шинжилсний үндсэн дээр худалдан авалт хийнэ. Тэд ихэнхдээ шинэ техник технологийг сонирхож голчлон бүтээгдэхүүний нарийн мэдээлэлд анхаарал хандуулж сэтгэлийг нь татсан анхны бүтээгдэхүүнийг шууд худалдаж авна.
Харин эмэгтэйчүүдийн хувьд цагийг хөгжилтэй, тааламжтай өнгөрөөхөд туслах тул онцын хэрэгцээ шаардлага байхгүй ч цахим дэлгүүрээр зочлох дуртай юм. Эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнд тавих шаардлага их энгийн. Тэд хэр олон хүн сонирхсон, бусад худалдан авагч хэр сайн үнэлгээ өгсөн зэргээс тухайн бүтээгдэхүүнийг авах эсэхээ шийднэ. Ингэхдээ хэд хэдэн цахим дэлгүүрээр орж үзэн олон талын харьцуулалт хийсний үндсэн дээр худалдан авалт хийнэ.
Эмэгтэйчүүд ихэнхдээ гоёл чимэглэл, хувцас сонирхдог, тэдний хувьд хямдрал, урамшуулал гэсэн бичиг ид шидийн үйлчилгээтэй. Нэг талаараа цахим дэлгүүр эрхлэгчдийн эмэгтэйчүүдийг урхидах нэг арга бол 50%-70% гэх тоо юм. Хэрэв хямдрал зарласан байгааг мэдэх л юм бол шаардлагагүй ч ямар нэг худалдан авалт хийхэд бэлэн байдаг.
Өөр нэгэн чухал асуудал бол сүүлийн жилүүдэд цахим дарамтаас болж нийгэмд олон хор уршиг учрах болжээ. Зарим нэг нь сэтгэл санааны гүн дарамтад орох, эд хөрөнгөөр хохирох, бүүр цаашлаад амь насанд ч аюул учруулж болох нөхцөл байдал үүснэ.
Цахим дарамт нь бусдын нэр төр, албан тушаалын эрх ашгийг гутаан доромжлох, сэтгэл санаа болон бие мах бодь, эд хөрөнгөнд хохирол учруулахыг хэлнэ. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүний цахим дарамтад хандах хандлага нь ч гэсэн өөр хоорондоо ялгаатай байна.
Цахим дарамтын тухай АНУ-д хийгдсэн судалгаанд нийт Америкчуудын 41% нь ямар нэгэн байдлаар цахим дарамтад орж байжээ. Үүнээс нийт эмэгтэйчүүдийн 35% нь маш их сэтгэл гутралд оржээ. Нийт эрчүүдийн 16% л цахим дарамтаас болж сэтгэл санааны гутралд орж байсан хэмээжээ. Үүнээс харахад эмэгтэйчүүд цахим дарамтад орох үедээ сэтгэл гутралд орох магадлал эрчүүдээс 2 дахин илүү байгаа юм.
Эрчүүдийн хувьд цахим дарамтаас урьдчилан сэргийлэх гол арга зам нь цахим хамгаалалтын програм гэсэн бол эмэгтэйчүүдийн хувьд хууль тогтоомжийг нарийвчлан, цахим гэмт хэрэгтэй тэмцэх үр нөлөөтэй хууль батлах шаардлагатай гэсэн байна. Иймд хүн бүр дор бүрнээ цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд гар бие оролцох нь зүйтэй юм.
Мэдээллийн эх сурвалж:
- Aleksandra Atanasova, Gender-Specific Behaviors on Social Media and What They Mean for Online Communications( 2016)
- Men vs Women: Online Shopping Behavior and Buying Habits (2016)
- HANNAH SELIGSON: Why Are More Women Than Men on Instagram?(2016)
- MAEVE DUGGAN, Men, women experience and view online harassment differently(2017)