Цахим орчинд дээрэлхэж дарамталбал яах вэ?
Таны хүүхдэд дараах шинж илэрвэл цахим орчинд дээрэлхүүлж магад хэмээн нягтлах шаардлагатай. Үүнд:
Технологиос татгалзах | Интернет эсвэл гар утас ашиглаж байхдаа эсвэл ашиглаж дуусмагцаа сэтгэл санаа тогтворгүй болох;- Интернет эсвэл гар утсаа мэдэгдэхүйц байдлаар шууд ашиглахаа болих; |
Сэтгэл хөдлөлийн зан байдал | Улам няцамхай, ичимхий, бүрэг, тогтворгүй, ууртай, зовнимтгой, бухимдуу болох;- Өөрийн цахим орчны талаар нууцлах эсвэл хамгаалах; |
Нийгмийн шинжтэй зан байдал | Ааш, зан байдлаа өөрчлөх, нойр эсвэл хоолондоо муудах, хар дарах; – Урьд оролцох дуртай байсан сургуулийн үйл ажиллагаанаас холдох;- Гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө зайгаа барих, хөндийрөх, найзаа солих;- Өөрийгөө гэмтээх;- Амиа хорлох тухай эргэцүүлэх, бэлдэх эсвэл завдах; |
Академик шинжтэй зан байдал[1] | Сургуульд явахгүй гэх;- Сургууль дээр асуудалд орох, хэрэг тарих;- Дүн буурах, идэвх сулрах, гэртээ гол төлөв уурлахыг илүүд үзэх;- Богино зурвас, захиа авмагцаа уурлах, бухимдах; Компьютер, гар утасныхаа талаар ярихаас зайлсхийх.[2] |
Эцэг эх, асран хамгаалагчийн хувиар та дээрх шинж илэрвэл дараах таван алхмыг даруй хийгээрэй:
- Дээрэлхэж буй этгээдээс холбоог шууд таслах. Ихэнх ухаалаг төхөөрөмжид богино зурвас, захиа, шуудан хүлээж авах хүнийг хориглодог (block) үйлдэл бий.
- Технологи ашиглах боломжийг хязгаарлах, хяналтаа сайжруулах. Дээрэлхүүлсэн ч гэсэн хүүхэд вебсайтаар орох, шинэ зураг, дүрс бичлэг, агуулга үзэхийг хүссээр байдаг. Хүүхэд ашиглах утас, компьютерыг гэрийнхээ ил харах газар байрлуулах, зөөврийн төхөөрөмжийг ганцаараа ашиглах боломж олгохгүй байх, хэзээ хэрхэн ашиглах хугацааг тохирох ёстой. Ихэнх вебсайт, гар утас нь эцэг эхийн хяналт хэсэгтэй байдаг тул ашиглах хэрэгтэй.
- Хүүхэдтэйгээ нүүр тулж, хамтдаа юу болсон талаар ярилцах. Цахим орчинд юу хайх, үзэх дуртай, хэн эсвэл ямар хүмүүстэй харилцахыг хүсдэг, зугаацахын тулд ямар тоглоом, урлаг, видео агуулгыг илүүд үздэг, хувийн нууцаа хэнтэй илүү их ярилцсан, тэр хүн хариу юу хэлсэн, хийсэн, хүссэн талаар хүүхэдтэйгээ ярилцана. Хөндлөнгийн хүн мэдэхээс айж, эмээсэн, таагүй, зан байдал нь тогтворгүй бол хүн яриаг нь хөндлөнгөөс сонсохгүй, таатай, элдэв чимээ шуугиангүй газар сонговол зохино. Ямар ч буруу үйлдэл хийсэн, эсвэл алдаа гаргасан нь үл хамааран бүхнийг хэлснээр тэр таагүй байдлыг таслан зогсоох боломжтой гэдгийг заавал тайлбарлаж өгнө. Ярилцах боломж бүрдэхгүй бол хүүхдийн сэтгэл зүйчид хандаж, мэргэжлийн туслалцаа авах ёстой.
- Хүүхдийнхээ цахим ертөнцийг танин мэдэх. Та хүүхдийнхээ ашигладаг нийгмийн сүлжээнд найз болж, эсвэл дагаарай. Гэхдээ хүүхдийнхээ бичсэн, оруулсан бүх зүйлд сэтгэгдэл бичиж, хариу үйлдэл хийх ёстой гэсэн үг биш. Гагцхүү хэрхэн цахим орчинд цагийг өнгөрөөж, юу түгээж, илэрхийлж, хаашаа орж, ямар мэдээлэл ашиглаж байгааг хөндлөнгөөс нягтлах нь чухал. Хувийн нууцын ач холбогдлын талаар ярилцаж, найз байсан ч хувийн мэдээллээ, зөвхөн өөрт хамаарах мэдээлэл өгөх буруу болохыг тусгайлан тайлбарлаарай. Гар утас ашиглах, нийгмийн сүлжээнд нэвтрэх дүрэм хамтдаа боловсруулж мөрдөж болно.
- Цахим орчинд хүүхдээ аюулгүй байх талаар нарийвчлан судлах. Өөрийн ашигладаг нууц үг, гэрийн хаяг, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, хэзээ хаашаа явах, юу хийх, дуртай зүйл, сонирхол зэргээ ил тод бичихгүй, мэдэгдэхгүй байх нь гэмт хэргээс сэргийлж байгааг ойлгуулах хэрэгтэй.
Хэрэв хүүхэд чинь хэн нэгнийг дээрэлхсэн бол:
- Та уурлаж загнахаас илүүтэйгээр бодолтой асуудлыг хөндөөрэй. Хүн дээрэлхсэн этгээд өөрөө ямар нэгэн байдлаар гадуурхагдсан, эсвэл анхаарлын төвд өртөхийг хүссэн нэгэн байх нь түгээмэл. Шийтгэж загнахаас илүүтэйгээ учир шалтгааныг танин мэдэх хэрэгтэй.
- Та хүүхэдтэйгээ ярилцаж, түүний хийсэн үйлдэл хэн нэгэнд сөргөөр нөлөөлж байгааг заавал хэлээрэй. Шоглох, наргих зарим хүнд энгийн мэт санагдавч өөр хэн нэгэнд маш хүнд тусдаг болохыг жишээлж тайлбарлана. Хүнийг ямар ч хэлбэрээр дээрэлхэх нь гэртээ, сургуульд, нийгэмд амьдрахад улам хэцүү болж, асуудал үүсэхийг хэлж өгнө.
- Хүүхдээ зан байдлаа өөрчилж, хүн дээрэлхэхээ болих хүртэл гар утас, ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хорих, интернет, нийтийн сүлжээнд нэвтрэхийг хугацаа зааж болиулах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс утас хэрэгтэй гэж үзвэл ашигладаг төхөөрөмжийн “эцэг эхийн хяналт” үйлдлийг заавал идэвхжүүлээрэй.
- Яагаад хүүхэд тань хүн дээрэлхэх болсон гэдгийг мэдэхийн тулд сургуулийн багш, нийгмийн ажилтан, бусад алба хаагч, ажилтантай уулзаж танин мэдэх ёстой. Хэрэв хүүхэд тань уураа барих, хянах, бусадтай харилцахад хүндрэлтэй бол мэргэжлийн туслалцаа авбал зохино.
- Та өөрөө үлгэрлэх ёстой. Бусдыг үл тоосон, үл ойшоосон, ялгаварлан гадуурхсан хандлага гаргахгүй байхад цаг ямагт анхаарах ёстой.
Таны хүүхэд рүү хэн нэгэн нүцгэн зураг, бичлэг илгээсэн эсвэл садар самуун агуулгатай зурвас бичсэн бол:
- Цаг алдалгүй хэзээ, хэрхэн бичсэн гэдгийг нотлохын тулд тухайн зурвасын түүхийг хадгалах, баримтжуулах, хэвлэх
- Хүүхэдтэй дахин холбоо барих бүх холбоог таслах
- Цагдаагийн байгууллагад хандах ёстой.
Таны хүүхэд, асран хамгаалж байгаа хүн өөрийн нууц үг, хувийн мэдээллээ алдсан бол:
- Танаас хүүхэд тань тусламж гуйна гэдэг маш том итгэлийн илрэл шүү. Ямар ч тохиолдолд өөрийн бодлоо тулгахаас илүүтэйгээр аль болох сонсох, тэдэнд туслах ямар боломж байгааг эргэцүүлээрэй.
- Хэн нэгэн таны дээрэлхэж, дарамталж байвал “Энэ миний алдаа”гэж бодохгүй байхыг эн тэргүүнд зөвлөөрэй.
- Хэнд хэзээ хэрхэн яаж хувийн мэдээллээ (гэрийн хаяг, утасны дугаар, хобби, гэр бүлийн гишүүдийн тухай мэдээлэл, нууц үг, дансны дугаар, хувийн шинжтэй гэрэл зураг, дүрс бичлэг гэх мэт) өгсөн болохыг баримтжуулаарай. Screenshot эсвэл дүрс бичлэг хийж болох юм.
- Хувийн нууцын тохиргоогоо өөрчлөх. Нийтийн сүлжээнд нэвтрэх нууц үгээ солих, хэнийг найз гэж хүлээн авах, найзад харуулах мэдээллийг багасгах, хувийн мэдээллээ тэр бүр оруулахгүй байх зэргээр аюулгүй байдлыг хангах шаардлагатай.
- Unfriend эсвэл unfollow сонголт хийгээрэй.
- Ярилцсан, дамжуулсан мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдэж, баримтжуулсны дараа бүхий л холбоог таслах ёстой. Ямар нэгэн байдлаар дахин дарамтлах, шахахаас сэргийлж шаардлагатай тохиолдолд нийгмийн сүлжээний хаяг, утасны дугаар солих, найзаа болих, бусадтай найзлахдаа сайтар нягтлах хэрэгтэйг тайлбарлана.
- Өөрийн оршин суугаа газрын цагдаад хандах, эсвэл хүүхдийн эрхийн байцаагчаас зөвлөгөө авах, нэг бол сургуулийн нийгмийн ажилтан, тухайн орон нутгийн хүүхэд хамгааллын мэргэжилтэнтэй уулзаж, болсон явдлын талаар ярилцан мэргэжлийн зөвлөгөө авах ёстой. Шууд очиж уулзах боломжгүй үед “Хүүхдийн тусламжийн утас – 108” дугаар руу долоо хоногийн аль ч өдөр ямар ч цагт залгаарай.
- Хүүхдээс нүцгэн байдлаар авсан зураг, дүрс бичлэг явуулахыг хүссэн, түүгээрээ дамжуулан дарамталсан, ямар нэгэн хүсээгүй үйлдлийг хийхээр шаардсан, заналхийлсэн бол шууд цагдаад хандах ёстой[3].
[1] Цахим орчинд дээрэлхэж байгааг хэрхэн таних, урьдчилан сэргийлэх вэ?Дэлгэрэнгүйг: https://www.tsc.nsw.edu.au/tscnews/how-to-identify-and-prevent-cyber-bullying
[2] Хүүхдийн эрүүл мэнд, Цахим орчинд дээрэлхэх гэж юу вэ? Дэлгэрэнгүйг: https://kidshealth.org/en/parents/cyberbullying.html
[3] Аюулгүй холбоо ашгийн бус байгууллага, Цахим орчинд дээрэлхэж байгааг зогсооход тустай зөвлөмж. Дэлгэрэнгүйг: https://www.connectsafely.org/tips-to-help-stop-cyberbullying/