Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Цахим орчинд бусадтай харилцах заавар
2022-05-09 1632

Цахим орчинд бусадтай харилцах заавар

2925_001

Цахим орчинд хил хязгаар байхгүй мэт санагдаж магад. Гэсэн хэдий ч хүн бүрийн хийж буй үйлдлийг бүртгэж, хүүхэд байхдаа хийсэн үйлдлийг насанд хүрсэн, том болсон хойно ч харуулах боломжтой байдаг. Иймээс цахим орчинд нэвтрэхдээ хүн бүр “Эрхий хурууны дүрэм”-ийг мэдэх хэрэгтэй.

Эрхий хурууны дүрэм их энгийн. Та жинхэнэ амьдрал дээр өөртөө болон бусдад хүсээгүй үйлдэл, хэлмээргүй үгээ цахим орчинд ч гэсэн битгий гаргаарай, хэлээрэй гэсэн үг. Хэрэв хүн хараад, сонсоод гомдох, уйлах, шаналах, уурлах, бухимдах үгийг хэлмэгц таашаахгүй буюу dislike болж байвал бичиж болохгүй, бодит болон цахим орчны ялгаагүй гэдгийг санах нь чухал. Тухайн дэлгэцийн эсвэл хэрэглэгчийн нэрийн ард хэн нэгэн ХҮН байгаа гэдгийг байнга санах ёстой.

Мөн онлайн орчинд ямар ч талбарт байсан хүмүүстэй харилцахдаа чат, блог, сэтгэгдэл, зурвас, захиа бичих, нэг бол блог, дүрс бичлэг хийхдээ дараах 15 алхмыг цаг ямагт санаарай[1].

  1. Том үсгийн горимоор (ALL CAPS) битгий бичээрэй. Хэрэв уг сонголтоор бичвэл хүний өөдөөс орилж байгаа шиг мэдрэмж төрүүлдэг. Бид “САЙН УУ?”, “САЙХАН АМАРСАН УУ?”, “ДААЛГАВРАА ХИЙСЭН ҮҮ?”, “МАРГААШ АМРАЛТЫН ӨДӨР ЗУГААЛГААР ЯВНА” гэж ярьдаггүй шүү дээ.
  2. Сэтгэгдэл бичихийнхээ өмнө хүмүүс юу гэж хариулсан, ямар сэтгэгдэл бичсэн байгааг уншиж, нягталж байгаарай. Жишээлбэл, “Гоё цуйвантай газар хэлж өгөөч” гэсэн постын дор хүмүүсийн сэтгэгдлийг уншилгүй хариулт бичсэн чинь аль хэдийн хэн нэгэн хэлчихсэн байвал ямар санагдах вэ? Бусдын үгийг давтдаг “тоть” шиг харагдаж магад.
  3. Сэдвээсээ битгий хазайгаарай. Хүний бичсэн пост дээр сэтгэгдлээ хуваалцах байдлаар хэлэлцүүлэг өрнөж болно. Үерхлийн тухай ярьж байхад гэрийн даалгавар, зуны амралтын талаар төлөвлөх үед улсаа хөгжүүлэх тухай ярих нь тохиромжгүй бөгөөд бүдүүлэг эсвэл бусдыг үл тоосон харагдана.
  4. Егөөдсөн байдлаар битгий яриарай. Хүмүүс таны хоолойн өнгө, хэний бичсэн үгээс санаа авч егөөдөж, наргиж байгааг шууд ойлгох боломжгүй байдаг. Иймээс уурласан, наргисан, егөөдсөн, цаашлуулсан үгсийг буруугаар ухаж магадгүй.
  5. Ямар нэгэн пост, сэтгэгдэл, хариулт бичсэн хүнийг хүндэтгээрэй. Хэрэв санал нийлэхгүй зүйлийг бичсэн, харуулсан бол гүтгэж, доромжилж, гутааж, ялгаварлаж болохгүй шүү. Хүн бүр өөрийн бодолтой, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй тул аль болох хүндэтгэж, яагаад ийнхүү бичих, бодох, дүрслэх болсныг эргэцүүлж хэвшээрэй. (Эрхий хурууны дүрмийг алхам бүрдээ санана гэсэн дээ…)
  6. Товч байгаарай. “Ямар дуу сонсох дуртай вэ?” гэсэн асуултад “2018 оны шилдэг хөгжмийн жагсаалтад 136 улсын 214 дуучны бүтээлийг нягталж үзсэнээс би хувьдаа өөрийн сонсдог жанр, төрлөөс 31 дууг нэрлэмээр байна. Гэхдээ миний дууны жагсаалтын тэргүүлэх таван дууг нэрлэвэл…” гэсэн хариулт хэрэггүй ээ. Хүмүүс уншихгүй, шууд хариултыг алгасна.
  7. Таамаглаж хариулж болохгүй. Хэрэв тухайн зүйлийг сайн мэдэхгүй бол ямар нэгэн зүйл бичихгүй байсан нь дээр. Эможи явуулмаар байвал шударгаар “Мэдэхгүй” гэсэн эможи илүү зохино. Гэхдээ ямар нэгэн үггүй эможиг хүн бүр өөрийнхөөрөө ойлгож магадгүй тул мэдэхгүй зүйлдээ төсөөлж хариулах дэмий.
  8. Хэрэв хүн бүрт хариулж чадахгүй бол ерөнхийлөөрэй. Жишээлбэл, төрсөн өдрөөр 1354 хүн баярын мэндчилгээ ирүүлсэн бол “Төрсөн өдрийн баярт минь зориулж, мэндчилгээ ирүүлсэн хүн бүрт аз жаргал, сайн сайхныг хүсье!” гэвэл илүү хэн хэнд нь амар.
  9. Хэн нэгнийг муулж болохгүй. Хэрэв санаа бодол зөрсөн бол яагаад санал нийлэхгүй байгаа үндэслэлээ хэлэх нь зүйтэй. Хэзээ ч хувь хүн рүү давшилж, дайрч, дарамталж, шахаж, муулж болохгүй. Хүн муулснаас шалтгаалж, хариуцлага тооцож магадгүй.
  10. Уучилж, өнгөрөөж сураарай. Хэн нэгэн алдаа гаргасан бол уучлах нь их чухал. Жишээлбэл, “Аз жаргал хүсэе” гэж бичсэн найзынхаа алдааг шууд засаж, сэтгэгдлээ “Хүсье гэж бичдэг юм л даа” гэвэл олон хүний өмнө ичиж магад. Шууд чатаар хэлчихвэл найзад тань, өөрт тань ч илүү амар биз.
  11. Товчлохгүй бичээрэй. FYI, LOL, IMO, BTW, YOLO гэсэн товчлолыг хүн бүр “Таны анхааралд”, “Чангаар хөхрөв”, “Миний бодлоор”, “Дашрамд”, “Нэг л амьдарна” гэсэн утгаар ойлгохгүй, тэр бүр мэдэхгүй байж болно. Хүмүүс бичгээр харилцахдаа алдахаас сэргийлнэ гэсэн үг.
  12. Зөв бичгийн алдаагаа шалгаарай. Та ямар ч зүйлийг пост болгож оруулах байснаас үл шалтгаалан анхны бичвэрийг хүмүүс цааш түгээх тул spellcheck.gov.mn эсвэл www.nairuulga.mn веб сайтыг ашиглаж заншвал хэрэгтэй шүү.
  13. Хүний хувийн нууцыг хүндэтгээрэй. Гэрийн хаяг, төрсөн огноо, утасны дугаар, гэр бүл зэрэг мэдээллээ хүн өөрөө ил болгоогүй, нууцалсан байхад ил болгох нь маш бүдүүлэг үйлдэл юм. Жишээлбэл, төрсөн оноо хүмүүст харуулахыг хүсээгүй учраас зөвхөн төрсөн сар өдөр харагддаг тохиргоотой байя. Гэтэл нэг найз нь төрсөн оныг жилтэй нь бичээд сэтгэгдэл эсвэл пост оруулчихсан байвал танд ямар санагдах вэ? Эрхий хурууны дүрэм энд ч гэсэн мөрдсөөр л байна.
  14. Бусдын оюуны өмчид халдаж болохгүй. Хүний хэлсэн үг, дарсан зураг, хийсэн бичлэгийг өөрийн мэт эх сурвалжгүй, нэг бол дурдахгүй түгээх нь маш бүдүүлэг хүний илрэл. Та хэнээс ишэлж, хаанаас авснаа харуулах нь таныг илүү хүндэтгэх эхлэлийг тавина.
  15. Цахим орчноо мэдрээрэй. Цахим орчин ч гэсэн дотроо ялгаатай. Найзын бичсэн цөөхөн хүнд харуулахаар тохируулсан пост, тоглоомчдын групп дотор хуваалцсан зураг, ангийн хүүхдүүдийн нээсэн багш байдаг групп, гэр бүлийнхний үеэл хаяалын нууц бүлэг гээд харилцан адилгүй орчинг давхар мэдэрч, анзаарч байх хэрэгтэй.[2]

Эрхий хуруу. ?

[1] Тоуро коллеж, Онлайн хэлэлцүүлэг хийхэд баримтлах нэтикэтийн 15 журам. Дэлгэрэнгүйг: http://blogs.onlineeducation.touro.edu/15-rules-netiquette-online-discussion-boards/

[2] Цахим сургалтын дүрэм. Дэлгэрэнгүйг: https://utpb.instructure.com/courses/6484/pages/online-etiquette-netiquette?module_item_id=127027