“Z” үеийнхний цахим хэрэглээ
Мянганы үеийнхэн идэр настан болж “Z” үеийнхэн маань одоо дөнгөж 20 гарцгааж байна. Анни Э.Кэйси сан 1995 оноос хойш төрөгсдийг “Z” үеийнхэн буюу манай гаригийн шинэ иргэд гэж тодорхойлдог. Олон судлаачдын үзэж байгаагаар “Z” үеийнхэн бусад үеийн хүмүүсээс илүү технологи сонирхож, төрөлхийн цахим хэрэгслийг хашраагчид мөн гэж үзэж байна. “Z” үеийнхэн бусдаас ялгарах дараах хэд хэдэн онцлогтой юм. Үүнд:
Цахим иргэн:
Цахим хэрэглээ ид хөгжиж эхлэх үед төрсөн болоод ч тэр үү “Z” үеийнхэн цахим ертөнцөөс алхам ч холдож чадахгүйн дээр эрхтэн мэт хайрлан хамгаалах ухаалаг төхөөрөмжид гэр бүлээсээ ч илүү хайртай байж мэднэ.
Тэдний өдөр тутмын амьдралын хэрэгцээ нь цахим хэрэглээнээс шууд хамааралтай юм. Түүнчлэн үйлдэл бүрээ цахим хэлбэрт хувиргах онцгой чадвар тэдэнд бий.
Цахим иргэд нь технологийн шинэ шийдлийг төвөггүй ашиглагчид юм. Зарим тохиолдолд тэд өөрсдийн хэрэгцээнд тохируулан шинэ санаагаа төвөггүй бодит биелэл болгон хувиргаж цахим ертөнцөд шинэ зүйлсийг бий болгосоор байна. Энэ бүх чадварыг нь ашиглах зорилгоор Гүүгэл, Алим, Нүүрном гэхчлэн томоохон компаниуд тэдэнд өөрийн гэсэн орон зайгаа илэрхийлэх ажлын байруудыг санал болгож байна.
Өөрсдөө ажлын байраа бүтээгчид:
“Z” үеийнхний бас нэг онцлог нь тогтсон цагт тогтмол зүйлийг хийнэ гэхээс илүү өөрөө өөртөө ажлын байрыг бий болгохыг илүүд үздэг. Шинэ үеийнхэн маань хүмүүсийн амьдралыг хялбархнаар шийдвэрлэж буй Вүбэр гэхчлэн компаниудаас санаа аван өөрийн бизнесийг эхлүүлэхэд бэлэн байдаг нь Мянганы эрин болох бидний үеийнхнээс илүү зоримог, өөрсдийгөө дайчлах чадвартайг нь илтгэж байна.
Даяаршсан иргэн:
Олон судалгааны дүнгээс үзэхэд 1990 оноос хойш төрөгсөд маань олон үндэстэн болон янз бүрийн угсаатан гэр бүлээс гаралтай нь урьд хожид байгаагүй их цус сэлбэлт гэж хэлж болохуйц байна.
Энэ нь тэдэнд давуу тал болж төрөхөөсөө л 2-3 гадаад хэлийг зэрэг эзэмшиж болох нөхцөлийг бүрдүүлж байна. Хандлагын хувьд хүн бүрийг өөрийн гэсэн өнгө төрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, аливааг шүүмжлэгч гэхээсээ илүү дэмжигчид болон хувирцгааж байна. Хэн нэгнийг ямар нэгэн бүлэгт хамааруулахаас илүү тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх чадвар нь бас нэгэн онцлог юм.
Сэтгэл зүйн хувьд эмзэг байна
Хэчнээн илүү эрх чөлөөтэй, хувь хүний орон зайг хүндэтгэх болсон нийгэмд амьдарч байгаа хэдий ч ихэнх нь дунд ангиасаа эхлэн ганцаардах, сэтгэл зүйн түгшүүрт байдалд автах, дэпресст өртөх нь элбэг байна.
Зарим нэг нь бүр харилцааны асуудлаас болж амиа хорлохыг завдах нь урьд үеийнхээс илүү сэтгэл зүйн хамгаалалт сул болсныг илтгэж байна. Түүнчлэн “Z” үеийнхэн маань шинэ сэтгэл зүйн эмгэгийг бий болгоод байна. Үүний нэг жишээ нь яах аргагүй цахим хамаарлаас үүдэлтэй сэтгэцийн эмгэг юм. Иймд эцэг, эх болон сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс цахим хэрэглээг нь хязгаарлах гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулах шаардлагатай болж байна.
Хувийн орон зайг хэт дээдлэх хандлагатай
Хувь хүний орон зайг юу юунаас илүүд үзэж буйг тэдний хувцаслалт, сонгон хэрэглэж буй апплекейшн зэргээс шууд ажиглаж болно. Тэд өөрийгөө бүрэн илэрхийлж болох өөрийн гэсэн дууны сонголт, инстаграм дагагч, цахим орчноос олж авах мэдээллийн эх сурвалжуудтай юм. Өөрт хамааралгүй зүйлсийг төдийлөн сонирхоод байдаггүй нь тэдний бас нэг онцлог аж. Тиймээс Гүүгэл тэргүүтэй томоохон компаниуд шинэ эриний хэрэглэгч нараа аль хэдийн судлаад эхэлсэн байна.
Сонирхолтой судалгааны үр дүнгээс танилцуулахад:
“Think With Google”-ийнхэн нийт 2000 гаруй “Z” үеийнхнээс (13-17 насны өсвөр насныхан) цуглуулсан судалгааны баримтуудыг нэгтгэн дараах дүгнэлтийг зарласан. Энэ мэдээлэл нь технологийн чиглэлээр бизнес эрхлэгчдэд ихээхэн нэмэртэй юм. Үүнд:
- “Z” үеийнхний хамгийн түгээмэл ашигладаг техник бол ухаалаг утас маргаангүй мөн. Тэд өөрсдийн ухаалаг утсыг бүрэн утгаар нь ашиглаж чадна. Гар утас хэрэглэх нас нь дунджаар 12 наснаас эхэлж байна. Энэ нь мэдээж тэднийг Мянганы үеийнхнээс илүү ухаалаг утасны мэргэжилтнүүд болгон хувиргаж байна.
- “Z” үеийнхэн өдөрт дор хаяж 3 цагийг цахим ертөнцөд идэвхтэй өнгөрөөж байгаагийн 71%-ийг бичлэг үзэхэд, 52%-ийг хоорондоо харилцахад, 51%-ийг олон нийтийн сүлжээнд өнгөрөөж байна.
- Онлайн худалдан авагчийн ихэнх хувийг “Z” үеийнхэн бүрдүүлж байна. Нийт өсвөр насныхны гурван хүүхдийн хоёр нь онлайнаар өөрсдийн дуртай цахим тоглоом, ном, хувцас зэргийг худалдан авч байна. Онлайн худалдан авалт хийх нь олон давуу талтайгаас гадна, бизнес эрхлэгчид тэдний видео үзэх дуртайг ашиглан бараа бүтээгдэхүүндээ үргэлж шинийг эрэлхийлсэн янзтай рекламуудаар “Z” үеийнхнийг өөртөө татаж байна.
- “Z” үеийнхэн хичнээн бусадтай харилцах хүсэлтэй ч ихэнхдээ цахим хэрэглээг ашиглан бусадтай харилцаа холбоотой байна. Зарим тохиолдолд эможиг ашиглан өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь бодитоор илэрхийлэхээс амар гэж үзэх нь ч бий. Ингэх нь магадгүй өөрийгөө илэрхийлэх хамгийн шилдэг арга нь ч байж болно.
Дэлхий ертөнц өөрөө нэг байрлалд 1 хором ч зогсохгүй байгаа энэ орчлонд бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байгаа тул шинэ эриний залуусыг бид өөрчилж, хязгаарлалт тавихаас илүү тэдний онцлогийг хүлээн зөвшөөрч хэрхэн зөв зохистойгоор цахим хэрэглээг ашиглахад анхаарах нь хамгийн гол асуудал болж хувирч байна.
Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн
Мэдээллийн эх сурвалж