Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Цахим орчинд хувийн нууцыг хамгаалах нь
2022-05-09 1665

Цахим орчинд хувийн нууцыг хамгаалах нь

huuli

Хувийн нууцын тухай:

Хувийн мэдээлэл гэдэг нь хувь хүний нууцад хамаарна. Хувийн мэдээллийг зөвхөн ажил хэргийн буюу хууль ёсны зорилгоор ашиглах ёстой. Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд хувь хүний нууцыг дараах байдлаар ангилж, тайлбарласан байдаг.

  • Захидал харилцааны нууц  –  Захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйл
  • Эрүүл мэндийн нууц  –  Тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл
  • Хөрөнгийн нууц  –  Зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйл
  • Гэр бүлийн нууц  –  Бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээлэл
  • Хуулиар тогтоосон бусад нууц  –

Хувийн мэдээллээ бусдад өгөх нь ямар үр дагаврын талаар:

Цахим орчинд буюу ихэнх онлайн үйлчилгээний хувьд түүний хэрэглэгч болохын тулд хувийн мэдээллээ өгөх шаардлагатай болдог. Энэ үед ямар мэдээллийг шаардаж байгаа болон тэрхүү мэдээллийг юунд хэрхэн ашиглах боломжтойг нягтлах хэрэгтэй. Таны мэдээллийг зохисгүйгээр буюу хууль бусаар ашиглах, улмаар тэрхүү мэдээллийг задруулж таны нэр хүндэд нөлөөлөх гэж буй бол тэрхүү үйлчилгээнээс татгалзах нь зөв. Цахим орчинд хувийн мэдээллээ өгснөөр спам, залилан, хууран мэхлэх үйл ажиллагааны хохирогч болох эрсдэлтэй болдог. Монгол Улсад хувийн мэдээллээ шаардлагагүй нөхцөлд бусдад өгсний улмаас цахим залилангийн хохирогчдын тоо улам бүр нэмэгдсээр байна.[1]

cyber

Харин 1/ онлайнаар бараа худалдан авахад төлбөр тооцоо хийх, барааг хүргүүлэхэд шаардлагатай мэдээллийг өгөх, 2/ онлайн үйлчилгээнд бүртгүүлэхэд дэлгэцийн нэр, мэйл хаягаа бичих зэргээр зайлшгүй нөхцөлд зохих мэдээллийг өгөх нь санаа зовох зүйл биш юм.

Эрүүгийн хуульд зааснаар “Хувь хүний нууцад халдах” /13.10 дугаар зүйл/, “Хувь хүний нууцыг задруулах” /13.11 дүгээр зүйл/ нь гэмт хэрэг хэдий ч, тухайн хүн өөрөө сайн дураар буюу зөвшөөрч хувийн мэдээллээ ил болгосон нөхцөлд энэ нь хувь хүний нууцад “халдах”, нууцыг “задруулах” гэдэгт хамаарахгүй.

Хувийн нууцыг хэрхэн хамгаалах нийтлэг арга замын талаар:

Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар хувь хүн нууцаа өөрөө хамгаална. Харин цахим орчинд хүн бүр хувийн нууцаа хамгаалж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Цахим орчинд түгсэн хамгийн түгээмэл хувийн мэдээлэл бол бүтэн нэр, хаяг, утасны дугаар, сургууль, ажлын мэдээлэл, төрсөн өдөр, мэйл хаяг, цахим хаяг, банкны мэдээлэл юм.[2]

Иймд цахим орчинд хувийн нууцыг хамгаалах дараах нийтлэг арга замыг өөртөө болон ойр дотнынхондоо хэвшүүлээрэй.

  • Санхүүгийн мэдээллээ зөвхөн хамгаалалттай вэб сайтад өгч болно. Үүний тулд тухайн вэб сайтын хаягийн эхэнд https:// гэж буй эсэх, цоожны зураг бий эсэхийг нягтлан шалгаарай.
  • Банк, санхүүгийн байгууллагын хувьд мэйлээр хэрэглэгчийн нэр, нууц үгийг огт асуухгүй. Хэрэв ийм мэйл хүлээн авбал, энэ талаар тухайн банканд мэдэгдэж, өөрийн мэдээллээ өгч болохгүй. Мөн тэрхүү мэйлд хариу өгөх шаардлагагүй бөгөөд ямар нэг холбоос дээр дарж болохгүй.
  • Тухайн вэб сайт, онлайн үйлчилгээний нууцлалын журам болон хэрэглэгчтэй хийх гэрээний нөхцөлтэй сайтар танилцаарай. Ингэхдээ таны мэдээллийг тухайн вэб сайт, онлайн үйлчилгээнээс бусдад, маркетингийн компанид зарах, дамжуулах нөхцөлд зөвшөөрөл авах гэж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Таны мэдээлэл бусдын гарт орсноор наад зах нь спам мэйл тасралтгүй ирэх болно.
  • Спам ирэхийг багасгах. Үүний тулд мэйл хаяг, утасны дугаараа ил байлгахгүй байх буюу хязгаарлагдмал хүрээнд ил болгох; спамын шүүлтүүр програм хангамж ашиглах; онлайнаар бүтээгдэхүүн худалдаж авах, үйлчилгээнд бүртгүүлэх, цахим сонин захиалахдаа үйлчилгээний нөхцөлийг шалгах; таны холбоо барих хаягийг маркетингийн зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй байх; онлайн аюулгүй байдлаа сайжруулах.
  • Нэгэнт онлайнд бусдад хуваалцсан мэдээлэл устаж үгүй болохгүй, таны хяналтаас гарна гэдгийг ойлгох хэрэгтэй.
  • Нэвтрэх үг буюу нууцаа бусдад мэдэгдэхгүй байх. Мөн таах, олж мэдэхэд амаргүй байдлаар нууц үгээ сонгох хэрэгтэй.

 

[1] ХЗДХЯ. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ. Улаанбаатар. 2018.

[2] https://www.esafety.gov.au/esafety-information/esafety-issues/protecting-personal-information