Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудыг өргөнөөр оролцуулья
Олон улсын залуучуудын өдрийг залуусын үзэл бодол, үйлдэл, санал санаачлагыг дэмжиж, тэднийг нийгмийн бүх талбарт утга төгөлдөр, өргөн цар хүрээтэйгээр, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүн амын гуравны нэг хувийг залуучууд эзэлж байгаагийн хувьд энэ өдөр Монгол Улсад онцгой ач холбогдолтой юм. Монгол Улс залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдэнд зөв хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгаа тэлэх, нийгмийн эерэг өөрчлөлтүүдийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, технологийн шинэчлэлийг авчрах боломжтой.
Олон улсын залуучуудын өдрийг энэ жил “Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудыг өргөнөөр оролцуулья” уриан дор тэмдэглэснээр орон нутаг, үндэсний болон дэлхийн түвшний үйл хэрэгт залуусыг хэрхэн татан оролцуулах арга замыг тодруулах, бодлогод залуучуудын хувь нэмрийг тусгах замаар улс үндэсний хөгжлийн үйл явц хийгээд олон талт байгууллагуудын шийдвэрийг сайжруулах, түүнчлэн залуусын төлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцох боломж бүрдэнэ.
НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үр өгөөжийг бүх нийтэд бодитоор хүргэхэд ердөө 10-хан жил үлдээд байгаа энэ цаг үед төрийн байгууллагуудад итгэх хүмүүсийн итгэл ихээхэн сул байна. Олон улсын түвшинд улам бүр нэмэгдэж буй туйлшралын өнөөгийн нөхцөлд олон улсын засаглалын тогтолцоо нь нэр төрийн хийгээд ач холбогдлын хямралтай тулгарч байна. Технологийн дэвшлийн эрсдэл, ардчиллын ухралт, иргэний нийгмийн орон зайн хумигдалт, засаглалын хямрал, түүнчлэн КОВИД-19 цар тахлын тархалт, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдсэн олон сорилт бэрхшээлийг гэтлэх чадвар бидэнд шаардагдаж байгаа юм.
Залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлснээр ардчилал бэхжиж, илүү сайн, тогтвортой бодлого боловсруулах нөхцөл бүрдэж, шийдвэр гаргах орчин илүү шударга болохоос гадна төрийн байгууллагуудад итгэх хүмүүсийн итгэл нэмэгдэнэ. Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа КОВИД-19 цар тахлын дэгдэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилт бэрхшээлүүдийг гагцxүү залуусын оролцоо, хүчээр гэтлэн туулна.
Монгол Улс дахь НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо нь НҮБ-ын үйл ажиллагааг дэмжин ажилладаг залуусын гол байгууллага бөгөөд НҮБ-ын 75 жилийн ойн санаачлагад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаад талархаж байна. НҮБ нь Монголын бүх залуучуудтай хүчээ нэгтгэн, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангахад хамтран ажиллаж, хөгжлийн үр шимээс хэнийг ч үлдээлгүйгээр дэвжих үйлст залуусыг татан оролцуулах, дэмжихэд бэлэн байна. НҮБ-ын Залуучуудын стратеги-2030 болон Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан Залуучуудын хөгжлийн хөтөлбөр зэрэг баримт бичигт тусгагдсаны дагуу Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд өөр, өөрсдийн чиг үүргийн дагуу залуусыг өөрсдийн нөөц боломжоо бүрэн дайчилж, утга төгөлдөр амьдрахыг дэмжиж, эх орныхоо хөгжилд тэгш оролцохын сацуу, тэд хүсэл санаа, тэмүүлэл, үзэл бодлоо илэрхийлэх хийгээд бусад олон язгуур эрхээ эдлэх, хамгаалах боломжийг бүрдүүлэх нь бидний чиг үүргийн үндэс хэмээн зорин ажилладаг.
Энэ дашрамд дэлхий нийтийн үйл хэрэгт нийт залуучуудыг идэвхтэй, үр дүнтэй оролцуулах зорилгоор наймдугаар сарын туршид хэрэгжүүлж байгаа #31DaysOfYOUth нийгмийн сүлжээний кампанит ажилд идэвхтэй оролцохыг та бүхэнд уриалж байна.