“Цахим дээрэлхэлтээс сэргийлье” аяны нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар хэрэгжүүлж буй Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” аяны нээлтийн хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
Тус аяныг Харилцаа холбооны зохицуулах хороо, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Хэвлэлийн хурлаар аяны зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүүхэд, эцэг эх, багш, сургуулийн ажилтан болон олон нийтэд хүргэх мэдээлэл, зөвлөмжийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Балдансамбуу, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх нь” төслийн ахлах зөвлөх Идэ Хироюки, зохицуулагч Г.Цогтбаатар нар мэдээлэл өглөө.
Мөн арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа оролцож, “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургалтын багц модулийн талаар танилцуулан, хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд талуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.
Энэхүү аяны зорилго нь “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” аяны зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим дээрэлхэлт болон түүнээс үүдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд зөв зохистой, хариуцлагатай харилцах, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд оршино.
Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг өрнүүлнэ
Цахим орчин нь хүүхдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон эрин үед хүүхдийг цахим дээрэлхэлт болон цахим орчны бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд хүүхэд, гэр бүл, сургууль, олон нийт, төрийн байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг талуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.
Иймд аяны хүрээнд хүүхэд, эцэг эх, багш, олон нийтэд цахим дээрэлхэлтийг таних, хошигнол болон цахим дээрэлхэлтийн ялгааг ойлгох, цахим дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд хэрхэн зөв хариу үйлдэл хийх, хаана хандаж тусламж авах талаар мэдлэг, ойлголт өгөх мэдээлэл, зөвлөмж, контентыг бэлтгэн олон нийтэд түгээнэ.
Мөн хүүхдийг цахим орчинд бусдыг хүндэтгэх, соёлтой харилцах, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадал хэвшүүлэхэд чиглэсэн дараах ажлыг хэрэгжүүлнэ.
Сургалтын багц модулийг 850 гаруй сургуульд түгээнэ
Хүүхэд, эцэг эх, багш, сургуулийн ажилтнуудад зориулсан “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургалтын багц модулийг дахин хэвлэн төрийн болон хувийн хэвшлийн 850 гаруй ерөнхий боловсролын сургуульд түгээнэ. Тус сургалтын багц модуль нь хүүхдийн нас, онцлогт тохирсон цахим орчны эрсдэлийг таних, өөрийгөө хамгаалах, аюулгүй, хариуцлагатай цахим хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн агуулгыг багтаасан.
10 мянган хүүхдэд ажиллах дэвтэр хүргэнэ
Аяны хүрээнд 6–10, 11–14, 15–18 насны хүүхдэд зориулсан гурван төрлийн ажиллах дэвтрийг боловсруулж, нийт 10,000 хувь хэвлэн нийслэлийн ерөнхий боловсролын 75 сургуулиар дамжуулан хүүхдүүдэд хүргэнэ. Ажиллах дэвтэр нь хүүхдэд цахим орчны эрсдэлийг таних, зөв шийдвэр гаргах, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын 210 сургагч багшийг бэлтгэнэ
Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах 210 сургагч багшийг бэлтгээд байна. Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 75 сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мөн 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын хэлтэс болон Төрийн цахим үйлчилгээний чиг үүрэг бүхий мэргэжилтнүүд хамрагдсан. Ингэснээр хүүхдийн цахим орчны аюулгүй байдлын талаарх мэдлэг, зөвлөмжийг сургууль, орон нутгийн түвшинд хүргэх, хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийн цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед зөв хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэж байна.
Аяны хүрээнд бэлтгэсэн зөвлөмж, мэдээлэл, контентыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр ажиллуулдаг http://www.ekids.mn веб сайт болон “Цахим орчны хүүхэд хамгаалал” пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.
Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд чиглэсэн энэхүү аянд нийт оролцогч талуудыг нэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна.
Хүүхдийн төлөө За бол Заавал хийе
Цахим дээрэлхэлтгүй, эерэг цахим ирээдүйг хамтдаа бүтээцгээе!



