Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

210 сургагч багш бэлтгэлээ

210 сургагч багш бэлтгэлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж буй “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяны хүрээнд Боловсролын яамтай хамтран цахим орчин дахь хүүхэд хамгааллын 210 сургагч багшийг бэлтгэлээ.

 

Энэхүү сургалт нь “Хүүхдийн төлөө-За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлсэд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ур чадвар, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх  чиглэлээр хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 75 сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мөн 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын хэлтэс болон  Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн төлөөлөл хамрагдаж 210 сургагч багшийн батламжаа гардан авлаа.

“Цахим орчноос хүүхдээ хамгаалъя” сургалтын зорилго нь хүүхдийг цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцоход туслах мэдлэг, ур чадварыг олгох, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлд өртсөн хүүхдэд үзүүлэх хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн.

Энэхүү сургалтаар “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургалтын багц модулийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш болон сургалтын байгууллагын ажилтнуудад заах арга зүй, практик ур чадварыг эзэмшүүлсэн бөгөөд сургалтын модуль нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн боловсруулсан нийт 23 хичээлээс бүрдсэн бөгөөд

6–10 насны хүүхэд – 3 хичээл;

11–14 насны хүүхэд – 5 хичээл;

15–18 насны хүүхэд – 5 хичээл;

Эцэг эх, асран хамгаалагч – 5 хичээл;

Багш, сургалтын байгууллагын ажилтан – 5 хичээлтэй.

Хичээл бүрийг сургагч багшийн гарын авлага, сургалтын танилцуулга, мэдлэгийг бататгах видео хичээлтэй бөгөөд  цаашид уг модулийг ашиглан сургууль, орон нутагтаа сургалт зохион байгуулах боломжтойгоороо онцлог юм.

Түүнчлэн сургалтын үеэр оролцогчид цахим орчинд хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таньж илрүүлэх, нөхцөл байдлыг үнэлэх, хүүхэдтэй зөв харилцах, шаардлагатай хариу арга хэмжээ авах талаар сэдвээр бодит нөхцөл байдалд суурилсан кейс, практик дадлага, багийн семинар ажиллалаа.

Ингэснээр сургагч багш нар зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн үед хүүхдийг дэмжих, хамгаалах болон холбогдох талуудтай хамтран ажиллах практик ур чадвараа бататгасан юм.

Сургалтад хамрагдсан сургагч багш нь цаашид өөрийн ажиллаж буй аймаг, дүүрэг, сургууль болон орон нутгийн түвшинд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сургалтын байгууллагын ажилтнуудад цахим орчны хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлнэ.