Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Хүүхдийн цахим аюулгүй байдлыг дэмжих гурван төрлийн ажиллах дэвтэр гарлаа

Хүүхдийн цахим аюулгүй байдлыг дэмжих гурван төрлийн ажиллах дэвтэр гарлаа

 

 

 Хүүхдийн төлөө За бол Заавал хийе

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хамтран хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчны аюулгүй хэрэглээг дэмжих зорилгоор 6–10, 11–14, 15–18 насны хүүхдэд зориулсан гурван төрлийн сурагчдын ажиллах дэвтрийг боловсруулан гаргалаа.

 

Ажиллах дэвтрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хамтран хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан болно.

 

Цахим орчин нь хүүхдэд суралцах, мэдээлэл авах, бусадтай харилцах, өөрийгөө хөгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх олон боломжийг олгож байгаа хэдий ч зохисгүй агуулга, цахим дээрэлхэлт, хувийн мэдээллийн алдагдал, цахим залилан зэрэг эрсдэлтэй тулгарах нөхцөл мөн нэмэгдэж байна.

 

Иймээс хүүхдэд цахим орчны эрсдэлийн талаар зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна эрсдэлийг таних, хувийн мэдээллээ хамгаалах, зөв шийдвэр гаргах, бусадтай зөв харилцах, эрсдэлтэй нөхцөлд өөрийгөө хамгаалах, шаардлагатай үед тусламж хүсэх зэрэг практик чадварыг эзэмшүүлэх нь чухал юм.

 

Энэхүү хэрэгцээнд үндэслэн боловсруулсан ажиллах дэвтрүүд нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон агуулга, дасгал, даалгавар, нөхцөлт жишээгээр дамжуулан цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцох чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна. Мөн багш, эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэй цахим орчны аюулгүй байдлын талаар ярилцах, зөвлөгөө өгөхөд ашиглах боломжтой.

 

Хүүхдийн ажиллах дэвтэр нь “Хүүхдийн төлөө – За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлсэд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит үйл ажиллагааны нэг хэсэг юм.

 

Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах нь зөвхөн хүүхдийн өөрийн хариуцлага бус эцэг эх, асран хамгаалагч, багш, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоо, хариуцлага юм. Хүүхдэд зөв мэдлэг олгож, зөв дадал хэвшүүлэх, эрсдэлтэй үед нь дэмжиж, хамгаалах нь хүүхдийн төлөө хийж буй бодит үйлдэл билээ.

 

Сурагчдын ажиллах дэвтрүүдийг дараах холбоосоор татан авч ашиглана уу.

6–10 насны хүүхдийн ажиллах дэвтэр: Хүүхдийн ажиллах дэвтэр /6–10 нас/

11–14 насны хүүхдийн ажиллах дэвтэр: Хүүхдийн ажиллах дэвтэр /11–14 нас/

15–18 насны хүүхдийн ажиллах дэвтэр: Хүүхдийн ажиллах дэвтэр /15–18 нас/

 

Хүүхэд бүр цахим орчинд өөрийгөө хамгаалах мэдлэг, зөв шийдвэр гаргах чадвартай байг.  Хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс хүүхэдтэйгээ цахим орчны аюулгүй байдлын талаар ярилцаж, аюулгүй, зөв дадлыг хамтдаа хэвшүүлье.