Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
2024-02-05 1000

Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа

Дэлхийн шуудан холбооноос 53 дах жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 8 дах жилдээ зохион байгуулж байна.

Нэг. Уралдааны зорилго:

Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, уран сэтгэмжээ илэрхийлэх, , хүсэл мөрөөдлийг дэмжих, бичгийн хэлний чадварыг дээшлүүлэх.

Хоёр. Сэдэв:

“Ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүсэж буй дэлхийнхээ талаар бичээрэй.”

Гурав. Хамрах хүрээ, хугацаа:

Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.

Хугацаа: Захидлыг орон даяар 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбаруудад доорх хаягаар хүлээн авна.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

Дөрөв. Тавигдах шаардлага:

- Өгөгдсөн сэдвийн дагуу захидлыг гараар бичих ба захидлын үндсэн элементүүд болох захидал эхлэл мэндчилгээ, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;

- 1000 үгнээс хэтрэхгүйгээр цэвэр, гаргацтай, гараар бичих;

- Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн байх;

- Илгээгчийн овог нэр, хаяг зөв, тодорхой байх;

- Захидалд бусад эх сурвалжийг хуулбарлаж, дурдахгүй байх;

Тав. Уралдаан дүгнэх журам :

- Улсын хэмжээнд эхний 5 байрны нийт 15 захидлыг шалгаруулна.

- Тэргүүн байрын захидлыг Англи, Франц хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын захидлын уралдаанд илгээнэ.

Зургаа. Шагнал, урамшуулал :

Нэгдүгээр байр - 1 оролцогч: Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг

Хоёрдугаар байр - 2 оролцогч: Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг

Гуравдугаар байр - 3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг

Дөрөвдүгээр байр - 4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг

Тавдугаар байр - 5 оролцогч: Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг

Нийт шагналын сан 3,5 сая төгрөг байна.

Долоо. Үр дүн:

Монгол Улсын хэмжээний төрийн болон хувийн ерөнхий боловсролын нийт 700 орчим сургуулийн захиргаанд захидлын уралдааны удирдамж, хамтран ажиллах тухай албан бичгийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.

Монгол Улсаа сурталчлан таниулах, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан мэдээлэх зорилгоор уралдаанаас шалгарсан үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ.

Найм. Хэвлэн нийтлэх:

Захидлын уралдааны талаарх мэдээ, мэдээлэл болон шалгарсан захидлуудыг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан, нийтэлнэ.

Ес. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:

Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.