Захидал бичлэгийн улсын уралдаан зарлалаа
Дэлхийн шуудан холбооноос 54 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран 9 дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн захидал бичлэгийн уралдааны сэдэв нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “Далай, тэнгис, тэдгээрийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах” 14 дэх зорилтод чиглэж байгаагаараа онцлог юм.
Сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн 15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 багшийг тус тус шалгаруулна.
Нэг. Уралдааны зорилго:
· НҮБ-аас хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх;
· Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээн дэлгэрүүлэх;
· Төрийн бичиг хэргийг хос бичгээр хөтлөн явуулах, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгод хувь нэмэр оруулах;
· Сурагчдын монгол хэл бичгийн чадварыг дээшлүүлэх, зохион бичих, уран сэтгэмжээ илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, сурч боловсрох, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах;
· Шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх;
· Ерөнхий боловсролын сургуулиудын багш нартай хамтран ажиллах, дэмжих;
Хоёр. Сэдэв:
“ӨӨРИЙГӨӨ ДАЛАЙ ГЭЖ ТӨСӨӨЛБӨЛ ЯАГААД ЧАМАЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ТАЛААР БИЧЭЭРЭЙ”
Гурав. Хамрах хүрээ, хугацаа:
- Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулиудын 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна
- Хугацаа: Захидлыг 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт доорх хаягаар хүлээн авна.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033
Дөрөв. Оролцогчид тавигдах шаардлага:
- Сэдвийн хүрээнд захидлыг монгол болон кирилл бичгээр гаргацтайгаар сурагч өөрөө бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;
- Захидлын үндсэн элементүүд болох мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
- Захидал нь 1000 үгнээс хэтрэхгүй байх;
- Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
- Зөвлөгөө өгч хамтран ажилласан багшийн нэрийг дурдсан байх;
- Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
- Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч зааврын дагуу өөрөө бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;
Тав. Багшид тавигдах шаардлага:
- Захидлын уралдаанд хүүхдүүдийг идэвхтэй оролцуулсан байдал;
- Уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулсан байдал;
- Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал;
Зургаа. Уралдаан дүгнэх журам
- Сурагчийг шалгаруулах: Уралдаанд оролцогчдоос эхний 5 байранд нийт 15 хүүхдийн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж шалгаруулна.
- Багшийг шалгаруулах: Эхний 2 шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдын захидалд хамгийн их бичигдсэн 5 багшийг шалгаруулна.
Долоо. Шагнал, урамшуулал :
Сурагч :
Нэгдүгээр байр: 1 сурагч. Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
Хоёрдугаар байр: 2 сурагч. Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
Гуравдугаар байр: 3 сурагч. Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
Дөрөвдүгээр байр: 4 сурагч. Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
Тавдугаар байр: 5 сурагч. Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Багш:
Нэгдүгээр байр: Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
Хоёрдугаар байр: Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
Дөрөвдүгээр байр: Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
Тавдугаар байр: Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи, Франц хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.
Найм. Удирдамж хүргэх:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын 885 сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.
Ес. Хэвлэн нийтлэх:
Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.
Арав. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:
Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Хүүхдүүд та бүхэн захидал бичлэгийн уралдаандаа идэвхтэй оролцоорой !
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР