6–10 насны хүүхдэд зориулсан цахим орчны аюулгүй байдлын ажиллах дэвтэр гарлаа
Хүүхдийн төлөө За бол Заавал хийе.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж буй “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяны хүрээнд 6–10 насны хүүхдэд зориулсан цахим орчны аюулгүй байдлын ажиллах дэвтрийг боловсруулан гаргалаа.
Тус ажиллах дэвтэр нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ойлгомжтой агуулга, дасгал, даалгавар, нөхцөлт жишээгээр дамжуулан цахим орчныг зөв, аюулгүй ашиглах мэдлэг, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн.
Хүүхдэд хувийн мэдээллээ хамгаалах, танихгүй хүнтэй цахим орчинд харилцахдаа болгоомжлох, зохисгүй агуулгаас өөрийгөө хамгаалах, эргэлзсэн болон эрсдэлтэй үед итгэж болох том хүнд хандах зэрэг өдөр тутмын цахим хэрэглээнд шаардлагатай чадварыг эзэмшүүлэхэд дэвтрийн агуулга чиглэж байна.
Мөн энэхүү санаачилга нь “Хүүхдийн төлөө – За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад гэр бүл, сургууль, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Хүүхдийн цахим аюулгүй байдал гэр бүлээс эхэлнэ. Эцэг эх, асран хамгаалагч та хүүхэдтэйгээ цахим орчны талаар ярилцаж, аюулгүй хэрэглээний зөв дадлыг багаас нь хамтдаа хэвшүүлээрэй.
6–10 насны хүүхдийн ажиллах дэвтрийг эндээс татан авч ашиглана уу.



