15–18 насны хүүхдэд зориулсан цахим орчны аюулгүй байдлын ажиллах дэвтэр гарлаа
Хүүхдийн төлөө За бол Заавал хийе.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж буй “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяны хүрээнд15–18 насны хүүхдэд зориулсан цахим орчны аюулгүй байдлын ажиллах дэвтрийг боловсруулан гаргалаа.
Тус ажиллах дэвтэр нь өсвөр үеийнхний нас, хэрэгцээ, цахим хэрэглээний онцлогт тохирсон ойлгомжтой агуулга, дасгал, даалгавар, нөхцөлт жишээгээр дамжуулан цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцох мэдлэг, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн.
Энэ насны хүүхдүүд цахим орчинд мэдээлэл авах, харилцах, өөрийгөө илэрхийлэхийн зэрэгцээ олон төрлийн платформ, цахим үйлчилгээ ашигладаг. Тиймээс хувийн болон цахим мэдээллээ хамгаалах, цахим орчны эрсдэлийг таних, цахим дээрэлхэлт болон бусад сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах, цахим орчинд хариуцлагатай харилцах, эрсдэлтэй нөхцөлд зөв шийдвэр гаргах зэрэг чадварыг хөгжүүлэх нь чухал юм.
Мөн энэхүү дэвтэр нь “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад гэр бүл, сургууль, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Хүүхдийн цахим аюулгүй байдал гэр бүлээс эхэлнэ. Эцэг эх, асран хамгаалагч та хүүхэдтэйгээ цахим хэрэглээ, цахим орчинд тулгарч болох эрсдэлийн талаар нээлттэй ярилцаж, аюулгүй, хариуцлагатай хэрэглээний зөв дадлыг хамтдаа хэвшүүлээрэй.
15–18 насны хүүхдийн ажиллах дэвтрийг эндээс татан авч ашиглана уу.



