Хэн нэгэн чамд таагүй хандсан уу?

Бидэнд мэдэгдээрэй

Цахим дээрэлхэлтийг таних ба үр дагавар

Цахим дээрэлхэлтийг таних ба үр дагавар

Хошигнол болон цахим дээрэлхэлтийн ялгааг мэдэх үү?

Найзууд хоорондоо тоглоом хийх нь хэвийн зүйл боловч заримдаа хэн нэгэн зүгээр л хөгжилдөж байна уу, эсвэл таныг гомдоож  байна уу гэдгийг цахим орчинд ялгахад хэцүү байдаг. Зарим хүмүүс “зүгээр тоглосон юм”, “ингэж хүндээр хүлээж авах хэрэггүй” гэж өөрсдийгөө зөвтгөөд, чамайг гомдоосоор л байвал — энэ нь хошигнол биш.

Хэрэв хэн нэгэн чиний тухай худал мэдээлэл тараах, доромжилсон эсвэл сүрдүүлсэн мессеж илгээх, таны нэрээр хуурамч хаяг нээх, зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй тараах, эсвэл групп, чатаас зориуд гадуурхаж байвал энэ бол ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТ юм.

Цахим дээрэлхэлт хаана ч, хэзээ ч үргэлжилж болдог. Хүүхэд өөрийгөө дарамтад байгаа мэт мэдэрч, зугтах боломжгүй юм шиг газаргүй мэт санагддаг. Үүнээс зугтах ямар ч боломжгүй мэт санагдаж, удаан хугацаанд үргэлжлэн амьдралд нь олон талын сөрөг нөлөө үзүүлж болно.

Цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхэд

Сэтгэл зүйн хувьд: гомдох, бухимдах, ичиж, өөрийгөө үнэ цэнгүй мэт мэдэрдэг.

Сэтгэл хөтлөлийн хувьд: өөрийгөө гэм буруутайгаар мэдэрч, дуртай байсан зүйлдээ сонирхолгүй болдог.

Бие мах бодийн хувьд: ядрах, нойргүйдэх, толгой болон ходоод өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Тиймээс цахим дээрэлхэлтийг хэзээ ч тоглоом гэж бүү бодоорой. Нэг сэтгэгдэл, нэг чат ч хүнийг шархлуулж чадна. Харин нэг эелдэг үг хэн нэгэнд хүч, итгэл өгч чадна.

          Хэрэв чамд эсвэл найзад чинь ийм зүйл тохиолдвол дуугүй бүү өнгөрөөрэй. Итгэдэг том хүндээ хэлэх, эсвэл 108 утсаар үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

 

Эерэг цахим ирээдүйг хамтдаа бүтээцгээе!